Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын улмаас гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст тарааж буй багц тасалджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Коронавирусийн халдварын улмаас гэрээр эмчилгээ хийлгэж буй болон ойрын хавьтал болсон эрсдэлт бүлгийн иргэдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас вирусийн эсрэг эм, дархлаа дэмжих уламжлалт тан бүхий багцыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан тарааж байгаа талаар мэдээлсэн.

Энэ талаар УОК-ын шуурхай штабын дарга Ц.Ганзоригоос тодруулахад "Хоёр багц байгааг тайлбарлая. Эхлээд халууны шил, халуун бууруулах эм, витамин С, Д бүхий 3,000 ширхэг багцыг нэг удаа тараасан.

Харин одоо гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст уламжлалт тан бүхий багц тарааж байгаа. Энэ ажлыг ЭМЯ, НЭМГ-аас дүүрэг, өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зохион байгуулж байгаа бөгөөд өдөрт дунджаар 1,000 орчим багцыг хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч тангийн үйлдвэрлэлээс шалтгаалаад одоогоор энэ ажил тасалдаад байгаа. Ер нь бол үргэлжлээд явна" гэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тус яамны ээлжит хэвлэлийн хуралд оролцох үеэрээ "Ойрын хавьтал болсон архаг хууч өвчтэй, 50-аас дээш насны хүмүүст урьдал эмчилгээ хийх үүднээс вирусийн эсрэг болон дархлаа дэмжих уламжлалт эмчилгээний багцыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан тарааж байна" гэсэн мэдээлэл өгснийг Шуурхай штабын даргаас мөн тодруулахад "Өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын тоо 30,000 гараад явчихсан. Нарийн тодорхойлох ч боломжгүй. Та, би гээд хэн ч ойрын хавьтал болсон байж болзошгүй энэ нөхцөлд хавьтлуудад багц тараах боломжгүй" хэмээн хариуллаа. 

Манай редакцад хандсан иргэний хувьд "Таван хүүхэд нь халдвартай нь батлагдсан бөгөөд нэг хүний хэрэглэх эмийг авахад дунджаар 36,000 төгрөг болж байгаа" хэмээн хэлж байв.