2021/05/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.81₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
17°
|
-2°
11:00
S30
13°
12:00
S30
14°
13:00
S30
14°
14:00
S26
15°
15:00
S26
15°
16:00
S26
14°
17:00
S26
13°
18:00
S26
12°
19:00
S26
11°
20:00
S26
10°
21:00
S29
22:00
S29

Л.Ганзориг: АН-ын залуус тамга тэмдэгний төлөө бус ардчилал, эрх чөлөө, үнэт зүйлдээ нэгдэх цаг болсон

ikon.mn
2021 оны 4 сарын 21
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Л.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та бүхэн АН-ын залуустаа хандаж уриалга гаргаж байгаа юм байна. Яагаад ингэх болов?

-Нийгэмд АН-ын нэр хүнд унаж Ц.Тувааны Ардчилсан нам, С.Эрдэнийн Ардчилсан нам гэсэн яриа гараад байна. Одоо О.Цогтгэрэлийн эсвэл  М.Тулгатын АН гэж ярих нь буруу ташаа асуудал юм. Ардчилсан намыг хэн нэгэн хүнд хамаатуулдаг, хувь хүний өмч биш. Ийм нам огт байхгүй. АН байгуулагдаад 31 жил болж байна. Өнөөдөр АН 200 гаруй мянган гишүүнтэй, олон зуун мянган дэмжигчидтэй улс төрийн томоохон хүчин. Төрийн эрхийг барьж байсан, одоо УИХ, НИТХ-д бүлэгтэй нам. Ийм учраас АН-ын хуучин дарга, лидер, ах нар маань тамга тэмдэг, сандал суудлын асуудлаа орхих хэрэгтэй. Жи­рийн гишүүд, дэмжигчид залуу­чууд нь хуваагдаж талцаагүй. Намынхаа үйл хэргийг үргэлжлүүлж хүчтэй сөрөг хүчний байр сууриа илэрхийлэн ажиллахыг хүсэж байгаа юм. Монгол оронд ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг АН анх тогтоосон. Үүнд манай ах нар, лидерүүдийн гавьяа бий. Гэвч өнөөдөр АН-ын энэ үл ойлголцох байдлаас шалтгаалж Монгол Улс нэг намын тогтолцоотой улс болоход ойрхон болоод байна. Коммунист тогтолцоо руу эргэлт буцалтгүй шилжихэд бэлэн болчихлоо. Өнөөдөр бид бүгдээрээ, тэр дундаа АН-ын залуус нэгдэж ардчиллаа аврах цаг  ирсэн.

-Ардчилал аюулд орлоо. АН-аа төдийгүй ардчиллаа аваръя гэж та хэллээ. Яаж тэр вэ?

-АН-ын залуучууд нэг талдаа гарах ёстой. Нэг талдаа гарна гэдэг нь талцаад байгаа ах нарын аль нэгтэй очиж нийлнэ гэсэн үг биш. Энд хувь хүний асуудал яриагүй шүү. АН-ынхаа үнэт зүйлээр  нэгдэх тухай асуудал юм.  Өнөөдөр АН гэж ярихаар хүмүүс бараг шоолдог шахуу асуудал үүслээ. Чи аль талынх нь юм гэсэн хандлага ажиглагдах болсон. АН-ын эгэл жирийн гишүүд, залуус бид хэний ч хүн биш. Өөрийн үзэл бодол, үнэт зүйлсээр нэгдсэн хүмүүс. Ардчилал, шударга ёсны төлөөх үзэл бодолтой залуус. Монгол Улс ардчилсан, хүнлэг энэрэнгүй, шударга нийгэмтэй байхын төлөө санаа зовж яваа АН-ын залуу гишүүд юм. Энэ үзэл бодлоо хамгаалахын төлөө явая гэдгийг л нэг талдаа гарах ёстой гэж хэлээд байгаа юм.

-АН-ын залуус, эгэл жирийн гишүүд нь ардчилал, шударга ёсны төлөө ажиллаад явдаг. Гэтэл дээгүүрээ хоёр талцаад тус тусдаа дарга сонгоод, нэг нэг тамга бариад яваад байгаа. Ийм учраас аль тамга нь хүчинтэй юм бэ гэсэн ойлгомжгүй асуудал үүсээд байна л даа?

-Нэг үзэл санаа, үнэт зүйл, үзэл баримтлалтай  хүмүүсийн нэгдэж улс төрийн намыг бий болгодог. Ийм учраас нам гэдгийг зөвхөн тамга, тэмдгээр ойлгож болохгүй. Мөн гэрчилгээн дээр намын дарга гэж бичигдсэн хүний нэр, түүний асуудлаар ойлгож болохгүй.  АН-ын гишүүд бол ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө үзэл бодол, санаа сэтгэл нийлсэн  хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр аль нэг тамга гэлгүй ганц үнэт зүйл нь АН-ын гишүүд, дэмжигчид юм. Ийм учраас бид тамга, гэрчилгээнд бус ардчилал, эрх чөлөө, шударга ёсны үзэл баримтлалдаа нэгдье л гээд байгаа юм. Анх 1990 онд үүнд л хүмүүс нэгдэж АН-ыг байгуулсан шүү дээ. Ардчиллын алтан хараацайнууд, өнөөдөр АН-ын лидер гэж нэрлэгдээд байгаа хүмүүс юуны тулд нэгдсэн юм бэ гэдгээ эргэж харах цаг нь болсон. Тухайн үед Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд ардчиллын лидерүүдийн хэнд нь ч тамга, гэрчилгээ, эд хөрөнгө байгаагүй. Зөвхөн ардчилал гэдэг ойлголт, эрх чөлөө гэдэг үнэт зүйлд тухайн үеийн залуус нэгдэж Монгол Улсад тогтсон нэг намын дарангуйлал, социалист нийгмийг халж Ардчилсан хувьсгал хийсэн. Тэгвэл өнөөдөр буюу 31 жилийн дараа нөхцөл байдал эргээд хуучиндаа шилжих шинжтэй болж нөхцөл байдал хүндэрлээ. Гэтэл урд нь манай намын дарга байсан хүн гэнэт гарч ирээд ах нар тамга тэмдэг, сандал суудлын төлөө “зодолдоод” эхэллээ. Энэ бол зөвхөн сандал суудал булаалдсан жижиг эрх ашиг гэж харж байна. Тэгвэл АН-ын гишүүд, залуус бид энэ жижиг эрх ашгийн төлөө бус намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлээ хамгаалаад явъя. Үүний төлөө нэгдье л гээд байгаа юм. 1990 онд олон жил тогтсон нэг намын системийг өөрчлөхөд маш хүнд байсан. Тэгвэл өнөөдөр боломж бий. Одоохондоо нэг намын тогтолцоонд бүрэн дүүрэн арай ч орчоогүй байна. Тоталитар дэглэм тогтож амжаагүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хааж боогоогүй энэ үед ардчиллаа, АН-аа аврах цаг нь болсон. АН-аа аварна гэдэг нь ах нарын нөгөө тамга тэмдэг, санал суудлын асуудал биш. Ардчиллын түүчээ  болсон АН-аа аврах нь цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах үйл хэрэг юм.

-Улсын Дээд шүүхэд О.Цогтгэрлийг намын даргаар бүртгүүлэхээр өгсөн. Гэтэл бас нөгөө талаас даргаа бүртгүүлнэ гээд асуудал гарлаа. Энэ мэтээр нөгөө тамга тэмдэг, гэрчилгээ, сандал суудлын маргаан үргэлжлээд байх юм биш үү?

-Хоёр талаас яг адилхан үйл явц өрнөөд байгаа юм. Нийгэм болохоор АН-ын энэ хоёр даргын хэнийг нь бүртгэх юм бол гэж ажиглаж байгаа. Тэгвэл энд нэг зүйл орхигдож байгааг иргэд, АН-ын гишүүд, дэмжигчид олж харах нь зүйтэй гэж уриалмаар байна. Тэр нь ардчилал шударга ёс, үнэт зүйл. Энэ нь орхигдоод байгаа юм. Хэн нь тамга барихдаа биш АН-ын үзэл баримтлал, үнэт зүйлс нь гол асуудал. Ийм учраас АН анх байгуулагдсан эхлэл цэгтээ ирлээ. Залуус бид үүнд нэгдэх цаг ирлээ.    Ардчиллаа эргэж алдахгүй төлөө нэгдэж нийлэх хариуцлага залуус бидэнд ногдож байна. Гэтэл үүнийг ярихгүй зөвхөн тамга тэмдэг яриад байгаа нь харамсалтай. Нөгөө хуурамч Дамбийжаа, жинхэнэ Дамбийжаа гэдэг шиг зүйл ярих боллоо.   Ийм учраас АН-ын гол зорилго алдагдсан. Ялангуяа, манай намын ах нар анхны зорилгоо мартаад тамга тэмдэг, гэрчилгээ, сандал суудал л ярьдаг болж. Би 1990 онд Сүхбаатарын талбай дээр байсан, ардчиллын анхдагч, УИХ-д сонгогдож байсан, сайд дарга хийж явсан гэж яриад байдаг манай намын ах нар АН-ыг анх байгуулсан зорилго, хүсэл тэмүүллээ эргэн харж өөрсдөдөө дүгнэлт хийх цаг нь болсон. Тэгээд АН-ыг анх  байгуулсан үзэл баримтлал, үнэт зүйлдээ эргэж нэгдье гэж залуус бид уриалж байгаа юм.

-Тэгэхээр Дээд шүүхэд  АН-ын  хоёр талаас тус бүрдээ дарга бүртгүүлэхээр хандлаа. Та нар дотроо учраа олоод ир гээд буцаах магадлал байна л даа?

-Тийм асуудал гарч магадгүй. Бид Дээд шүүхэд эрх баригч МАН-ын нөлөө орж байгаа гэж хардаж байгаа.  Үүнийг болж буй үйл явдлаас харж болно. Бид Дээд шүүхэд хоёр гурван удаа материал бүрдүүлж өгсөн бүгдийг нь буцаасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох цаг үе давхацсан учраас АН-ын асуудлыг сунжруулах сонирхол байх талтай. Ийм учраас өнөөдөр АН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг асуудал тулгарч байна. Үүнийг  Дээд шүүх шийдэх үү, үгүй гээд сууж байгаа юм. Түүнээс биш хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь бүр холын асуудал болсон.  Дээд шүүх хоёр талаас ирсэн бичиг баримтыг хүлээж авсан. Таны асуусан шиг хурал зарлаад “та нар дотроо учраа олоод ир. Танай нам хуваагдалтай байгаа учраас хэнийг нь даргаар бүртгэхгүй. Дотроо учраа олоод ир” гээд явуулах гээд байна. Цаашлаад СЕХ-нд хоёр нэр дэвшигч бүртгүүлэхээр өгөх асуудал гарч магадгүй. Иймд СЕХ нь та нар Дээд шүүх дээр асуудлаа шийдүүлээгүй, нам дотроо учраа олоогүй учраас энэ хоёр хүний хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж болохгүй юм байна гээд буцаах эрсдэл ч бий. Ийм асуудал үүсээд байхад манай ах нар ойлгохгүй байна уу эсвэл ойлгоод санаатай тэгээд байгаа юм шиг зөвхөн тамга булаалдаад байна л даа. Иймд дахин хэлэхэд тамга тэмдэгний маргаанаа хаяад АН байгуулагдсан анхны цэг дээр очих хэрэгтэй байна. Үүний тулд залуус бид нийлж нэгдье гэсэн санаачилга гаргаж байгаа юм. 1990 онд Ардчилсан хувьсгал хийсэн ах, эгч нар  нар хийдгээ хийсэн. Өнөөдөр тамга тэмдэг яриад байгаа ах нар маань  гавьяа ч  байгууллаа, гай ч тарилаа. Ийм учраас АН-ыг залуус нь авч явах цаг үе иржээ гэж хэлмээр байна. Харин ах нар маань залуу үедээ зааж зөвлөөд явмаар санагддаг. Ардчилсан нам ахмад, дунд, залуу үеийн 3 хэлхээг чухалчилдаг.  Төрийн сонгуульд орохдоо хоорондоо хэмлэлдээд байдаг. Ороогүй байсан ч тамга тэмдэг булаалддаг асуудлаа ах нар хаях хэрэгтэй. АН-ыг анхны эхлэл цэгээс нь зохион байгуулаад явахаас өөр сонголт бидэнд   үлдсэнгүй.

-Та АН анхны эхлэл цэгээсээ зохион байгуулагдаж ажиллах ёстой гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?

-АН-ын ах нар өнөөдөр хэн нэгнийг дага, хэн нэгэн даргын цүнхийг бариад  бүлэг фракцад нь харьяалагдаад яв гэдэг  асуудлыг хаях ёстой гэж байгаа юм. Хэн нэгэн даргын үед ажиллаж байсан залуусыг тэрний хүн, энэний хүн гээд цоллоод, дунд нь талцуулаад явдаг буруу зуршил тогтсон. Залуус бид хэний ч талд орохгүй. Ардчилал, шударга ёс, намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ төлөө нэгдэж нийлээд явая гэсэн уриалга дэвшүүлж байгаа юм. Ингээд АН байгуулагдсан анхны цэгээс эхлэхгүй бол энэ улс орон хэцүүдлээ. Ард иргэд ч өнөөдөр нэг намын тогтолцоо руу орлоо. Аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх боллоо гэж хэлж, ярьж, бичиж эхэлсэн шүү дээ. Тухайлбал, өнөөдрийн эрх баригчид бүхнийг нийгэмчлэх зүйл ярьж эхлэлээ. Хувийн өмчийг булааж, дээрэмдэж эхэлсэн. Тэгээд төр өмчөө авлаа гэж Пи Ар хийж сайхан ярьдаг. Төр авчихлаа гэхээр иргэд учрыг нь сайн ойлголгүй дэмжих хандлагатай болсон байна.  Яг цаад талд нь тухайн төрийн эрхийг хэн атгаж байна. Хэн Ерөнхий сайд, хэн даргын алба хашиж байна  түүний болон тойрон хүрээлэгчдийнх нь халаасанд ороод байгаа юм.  Энэ нь Монголд ардчилал мөхөж буйн илрэл шүү дээ. Ийм учраас АН, түүний залуус үзэл бодол, үнэт зүйлдээ нэгдэж идэвхтэй ажиллах үүрэг хариуцлага ногдож байна.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх хуулийн хугацаа тулчихлаа. Үүнээс өмнө Дээд шүүхэд намын даргаа бүртгүүлэх ямар боломж байгаа вэ?

-АН-ын даргыг бүртгэх Дээд шүүхийн хурлын тов хараахан гараагүй байна. Бидний таамаглаж буйгаар дөрөвдүгээр сарын сүүлчээр болох байх гэсэн хүлээлт бий. Тавдугаар сарын 2 гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаатай. Улс төрийн намын зорилго нь төрийн сонгуульд оролцож мөрийн хөтөлбөрөө төрийн бодлого болгон хэрэгжүүлэхэд оршдог. Тэгэхээр АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор хуулийн дагуу бүх бэлтгэлээ базааж байгаа. Харин Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Шүүх шударга шийдвэр гаргах байх гэж итгэж байна. АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх нөхцөл бүрдүүлсэн шийдвэр шүүх гаргахгүй байх гэдэг манай гишүүд, дэмжигчид, иргэд харж итгэж хүлээж байгаа шүү дээ.

-Намын даргын цахим сонгууль, цаасан сонгууль хоёрын аль нь хүчинтэй юм бэ?

-Энэ асуултад тал бүр өөрийн зөв гэж тайлбарлаад байгаа юм. Ардчиллын үндсэн зарчим бий. Олонхоороо асуудлаа шийдээд олонхын саналыг дагаад явдаг. Тэгэхээр намын гишүүд дэмжигчид хаана олонх байна, тэр цаасан сонгууль дээр нь үү, цахим сонгууль дээр нь үү гэдгийг л харахад ойлгомжтой. Ийм учраас  Дээд шүүх АН-ын дүрмийг, нийт гишүүдийн саналыг хараад шударгаар шийдвэр гаргах байх гэж харж байна.

 

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин 2021 оны дөрөвдүгээр сарын 21. Лхагва. №050 (5455)

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x