Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чинбаяр: ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нарын ачаалал 3-4 дахин нэмэгдсэн

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 16
iKon.MN

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүд ямар тохиолдолд биеийн байдал нь хүндэрч байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ямар нэг архаг суурь өвчингүй ч гэсэн харьцангуй залуу хүмүүс хүндрэх тохиолдол гарч байна. Эдгээр хүмүүс нь жингийн илүүдэл, таргалалттай байх нийтлэг шинж илэрч байгаа.

Үүнээс гадна архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс маань халдвар авбал хүндэрч байгаа учраас хариуцлагатай байх хэрэгтэй байна. Халдвар аваад хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ эмчлүүлж байгаа хүмүүс өөрийгөө маш сайн хариуцлагатайгаар хянаж байх шаардлагатай. Яагаад гэвэл өвчин эхлэх үедээ хөнгөн байгаад цаашаа хүндэвтэр, хүнд хэлбэр рүү шилжих боломжтой. Тиймээс өөрт илэрч байгаа эмнэл зүйн шинжийг маш сайн анхаарна.

Тодруулбал, 38 хэм хүртэл халуурах, цөөн удаа гүйлгэх, нусхайрах, хамар битүүрэх буюу хөнгөн шинж тэмдэгүүд илэрч болно. Үүнээс цаашлаад хүндэрч халуун 38 хэмээс давах, гурваас дээш хоногоор үргэлжлэх, тасралтгүй ханиалгаад, цусан судалтай цэр гарах, амьсгаадах, цээжээр байнгын өвдөх, гар хөлийн үзүүр хөхрөх, арьс эрээнтэх шинж тэмдэг ажиглагдвал маш яаралтай хариуцсан эрүүл мэндийн ажилтантайгаа холбогдож эмнэлгийн тусламж авах шаардлагатай. 

Халдварын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор хүнд, нэн хүнд хэлбэрийн эмнэл зүйн тохиолдлууд өсөж эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нарын маань ачаалал 3-4 дахин нэмэгдсэн. Нэн хүнд өвчтөнүүдийн хувьд эмчилгээний хугацаа урт байгаа нь бас ачаалалд нөлөөлж байна.

Хүнд болон нэн хүнд хүмүүст вирусийн эсрэг, суурь өвчнүүдийн эмчилгээ болон амьсгал дэмжих, орлуулах, удирдах эмчилгээг олон улсын түвшинд чанартайгаар хийж байгаа. Нэг баг таван цаг орчим тасралтгүй хамгаалах хувцас хэрэгсэлтэй өвчтөний дэргэд ажилладаг. Урт хугацаагаар хүнд өвчтөний дэргэд байж ажиллаж байгаа сувилагч нарын ачаалал нэмэгдсэн, нэлээд хүндрэлтэй нөхцөлд байна. 

"Цар тахлын үед халдвартай эсэхийг заавал шинжилгээгээр баталгаажуулах шаардлагагүй"

 

Амьсгалын дээд замын өвчний шинж тэмдэг болох хоолой өвдөх, ханиалгах, бага зэрэг халуурах шинж тэмдэг гармагц иргэд заавал PCR  шинжилгээ өгөх гээд яараад, эсвэл гадуур яваад бухимдаад байх шиг байна. Ийм цар тахлын үед халдвартай эсэхийг заавал шинжилгээгээр баталгаажуулах шаардлагагүй. Танд коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн бол нийтийн дунд явахаас зайлсхийж, гэртээ өөрийгөө тусгаарлаад утсаар болон гэр бүлийн гишүүдээрээ дамжиж эрүүл мэндийн байгууллагатай холбогдон тусламж авах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.

Зураг
13 | 16 | 16 цаг