Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ"-ний талаар ОУ-ын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

A.Жаргал
2021 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

МУ-ын Засгийн газраас тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг эрэмбэлэн  Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагууд, хувийн хэвшилийнхэний  хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжилтийг хангахаар зорин ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас ЗГХЭГ, Сангийн яам зэрэг төрийн байгууллагуудын оролцоотойгоор цуврал зөвлөлдөх уулзалтуудыг өнгөрч буй 7 хоногт зохион байгууллаа.

ОУ-ын байгууллагууд, хөгжлийн түншүүдийн уулзалтад Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон Улсын Валютын Сан,  Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн банк тэргүүтэй 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд уулзалтыг нээж улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгуулсан хамгийн том сан болох Уур амьсгалын Ногоон сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун үг хэлсэн юм. Цаашид манай эдийн засгийн суурь болсон түүхий нүүрсэн дээр суурилсан төслүүдийг санхүүжүүлэх өртөг өндөр хийгээд ОУ-ын санхүүжилт хомс болох тухай, тиймээс төслүүдийн бэлэн байдлыг хангахдаа байгаль орчинд ээлтэй, ногоон шалгуурыг тавихын чухлыг тэр онцолсон бол бусад олон улсын байгууллагууд түүнтэй дуу нэгтэйгээр уг асуудлыг хөндөж байлаа.  

ОУБ-ын төлөөллүүд төслийн эрэмбэлэлтийг сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлээд, үргэлжлүүлэн холбогдох цөөн төслийг сонгон авч ҮХГ-аас нийтлэх Төслийн товхимолд (Pitch book) тусган, үргэлжлүүлэн сонгогдсон төсөл бүрд эрсдэлийн үнэлгээ хийх, олон улсын санхүүжилтэд бэлтгэх ҮХГ-ын ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийлцгээсэн юм. 

Хувийн хэвшил болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй зохион байгуулсан удаах уулзалтад Монголын томоохон бизнес группүүдийн төлөөллүүд болон шинээр гарч ирж буй гарааны бизнесүүд, бизнесийн холбоод, зөвлөлүүд, мэргэжлийн холбоодоос бүрдсэн 80 гаруй зочин оролцлоо.  

Хоёр цаг гаруй идэвхтэй өрнөсөн уг хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийнхэн төрийн байгууллага ийнхүү нээлттэйгээр хөгжлийн бодлогоо хуваалцаж, төрөөс хувийн хэвшилтэй хамтрах, бодлогын дэмжлэгийн боломжуудын тухай ярилцаж байгаа нь сайшаалтай шинэлэг хандлага  гэдгийг онцолж байв.  

Оролцогчид төслүүдийн хэрэгжилтэд хөрөнгийн зах зээлийг ашиглаж олон нийтийн оролцоог хангах,  санхүүгийн шинэлэг боломжуудыг анхаарч, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломжийг   судлах, бодлогын залгамж халаа тогтвортой байдлыг эрхэмлэх, төрөөс  хувийн хэвшилтэй өрсөлдөхийг хязгаарлах, улс төрөөс ангид байлгах, шинэ технологи, цэвэр технологи, ногоон санхүүжилт татах зэрэг асуудлууудыг хөндөн ярилцаж санал бодлоо илэрхийллээ.

Үндэсний хэмжээний, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж КОВИД-ын дараах үеийн эдийн засгийн сэргэлт хийгээд хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэхүйц төслүүдийг шинжлэх ухааны үндэслэл, нотолгоонд суурилсан олон улсын жишиг аргачлалаар эрэмбэлэн жагсаалт гаргах ажил хийгдэж байгаа юм байна. Ингэхдээ эдийн засгийн өгөөж, төлбөрийн тэнцэл, ДНБ, төсөвт үзүүлэх нөлөө, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг үзүүлэлт төдийгүй гадаад эх үүсвэрээс хөрөнгө оруулалт татахад олон улсын санхүүжилтэд тавигдах болсон нийгэм, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хүн амд хүртээмжтэй байдал гээд олон үзүүлэлтийг харгалзан үзэж буй юм.  

Эдгээр төслүүдийн хэрэгжилтийг хангахад төсвийн ачааллыг ихэсгэхгүй, өрийн таазад тулгахгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн шинэлэг арга механизмуудыг нэвтрүүлэх боломжийг Үндэсний хөгжлийн газар өөрийн чиг үүргийн хүрээнд үргэлжлүүлэн судалж шийдлүүд гарган ОУ-ын байгууллагуудтай ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Цуврал уулзалтыг хөрөнгө оруулалтын бодлого, сурталчилгаа, гадаад хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Булганчимэг чиглүүлж, төслүүдийн хэрэгжилтийн урьдач нөхцөл болох хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулагчдын хамгаалал, сурталчилгаа, үйлчилгээний цахимжилт зэрэг асуудлаар ҮХГ-ын эхлүүлээд байгаа цогц шинэчлэлийн талаар танилцуулсан бол Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал 100 төслийн ач холбогдол, ирээдүйн төлөвлөгөө болон хэрэгжилт, зохицуулалтын талаас тайлбар мэдээлэл өгөв. Тэрээр мөн Монгол Улс байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг түлхүү бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, ОУ-ын санхүүжилтийн боломж, ач холбогдлыг онцолсон бол судалгаа шинжилгээ, хөгжлийн төлөвлөлт хариуцсан дэд дарга Б.Дөлгөөн 100 төслийн эрэмбэлэлийн арга зүйн талаар СЯ-тай хамтран тооцоолж буй макро эдийн засагт үзүүлэх нөлөөний талаарх асуултуудад хариуллаа.

Уг төслүүдийг Засгийн газрын 100 хоногийн хүрээнд олон нийтэд зарлана. 

 

Эх сурвалж: Үндэсний Хөгжлийн Газар