Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Карибын тэнгисийн арал галт уулын үнс нурманд дарагдаж, иргэдийг нүүлгэжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Карибын тэнгисийн Сэнт Винсент арал улсын зарим хэсэг өчигдөр галт уулын үнс нурманд дарагдаж, агаарт нь хүхрийн хий тархсан тул иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

Өмнөх өдөр нь тус арлын Ла Соуфрере галт уул хүчтэй дэлбэрсэн юм. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар үнс нурам цас орж байгаа мэт тэнгэрээс унаж байжээ.

 

Хөрш зэргэлдээ Антигуа, Гайана улсууд хилээ түр нээж, нүүлгэн шилжүүлсэн 16,000 орчим иргэнийг хүлээж авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

1979 оноос хойш анх удаа дэлбэрсэн Ла Соуфрере галт уулын идэвхжил цаашид олон хоног үргэлжилж магадгүйг судлаачид анхааруулжээ.

1902 онд уг галт уул дэлбэрэхэд 1,600 орчим хүн амиа алдаж байв.

Сэнт Винсент болон Гренадины бүлэг арлууд нэг улсын захиргаанд байдаг бөгөөд нийт хүн ам нь 110,000 орчим юм. 

Одоогоор 3,200 орчим хүн засгийн газраас гаргасан 78 байранд толгой хоргодож байна. Тэдгээр хүмүүсээс Covid-19 өвчний шинжилгээ авч, эерэг гарсан хүмүүсийг тусгаарлаж байгаа гэнэ.

Галт уулын дэлбэрэлтийн дараа хэвийн амьдралд шилжихэд дөрвөн сарын хугацаа шаардагдах магадлалтайг тус улсын ерөнхийлөгч Ралф Гонсалвес радиогоор үг хэлэхдээ мэдэгджээ.

Ла Соуфрере галт уул Баасан гарагийн өглөө анх дэлбэрэхэд үнс нурам 10,000 метрийн өндөрт цацагдсан юм.

Үнс нурмын ихэнх хэсэг зүүн хойд зүгт цацагдаж, Атлантын далайд унах төлөвтэй байгаа. Карибын бусад арлууд болох Барбадос, Сэнт Люсиа, Гренадад үнс нурам хүрэх магадлалтай гэж үзээд онц байдал зарлажээ.

Карибын тэнгисийн зүүн хагаст 19 идэвхтэй галт уул оршдог. Тэдний хоёр нь Гренада арлын ойролцоо тэнгисийн усан дор оршдог байна. 

 

Эх сурвалж: Reuters