Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Мьянмарын цагдаа нар гранат харвагч ашигласны улмаас 80 гаруй иргэний амийг хөнөөжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Мьянмарын цэргийнхэн Янгон хотын ойролцоо тосгонд тэмцэгчидтэй тулгарахдаа гранат харвагч ашиглан олон арван иргэний амийг хөнөөжээ.

Тус улсын хамгийн том хот Янгоноос зүүн хойд зүгт 90 км зайтай оршдог Баго сууринд гарсан уг аллагын улмаас 82 хүн алагдсаныг AAPP (Assistance Association for Political Prisoners) олон улсын байгууллага мэдээлсэн байна.

Үүнээс өмнө AAPP байгууллага Мьянмарт нийт 618 энгийн хүн цэргийн дэглэмийг эсэргүүцсэн тэмцлийн үеэр алагдсан болохыг мэдээлж байв.

Баасан гарагт цэргийн дэглэмийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Зау Мин Тун нийт амиа алдсан иргэдийн тоог 248 гэж зарлажээ. Мөн 16 цагдаагийн албан хаагч тэмцэгчдийн гарт амиа алдсаныг мэдээлсэн байна. Тэмцэгчдийн эсрэг автомат буу хэрэглэхгүй байгаагаа генерал энэ үеэр тайлбарлажээ.

Бямба гарагт Мьянмарын зүүн хязгаар дахь цагдаагийн хэсэгт үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэл довтлох үеэр 10 цагдаа алагдсан байна.

Халдлага гарсан Шан мужид төв засгийн газрын эсрэг тэмцдэг орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд болох Аракан Арми, Таан Үндэсний Чөлөөлөх Арми, Мьянмарын Ардчилсан Холбооны Арми үйл ажиллагаа явуулдаг юм.

Сүүлийн үед эдгээр бүлэглэлүүд цэргийн дэглэмийн эсрэг хамтран тэмцэхээр холбоотнууд болсон байна.

Мьянмараас дүрвэсэн хууль тогтоогчдын төлөөлөл Баасан гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандаж, цэргийн дэглэмийн эсрэг яаралтай арга хэмжээг шууд болон шууд бусаар авахыг уриалжээ.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Баасан гарагт албан бусаар хуралдахдаа анх удаа Мьянмарын асуудлыг хэлэцсэн юм.

 

Эх сурвалж: Reuters