Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч гараар угсарсан галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ даяар сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэдэн зэвсэгт халдлага гарч, олон хүний амь эрсдээд байгаа билээ.

Хамгийн сүүлд Лхагва гарагт Өмнөд Каролина мужид гарсан халдлагын үеэр таван хүн амиа алдсаны хоёр нь бага насны хүүхэд байсан юм. Халдлагыг үйлдсэн сэжигтнээр NFL лигийн тамирчин асан Филип Адамс татагдаж, баривчлагдаад байна.

Гуравдугаар сард Колорадо мужийн Боулдер, Жоржиа мужийн Атланта хотуудад хоёр удаагийн зэвсэгт халдлага гарах үеэр нийт 18 хүн алагдсан юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу АНУ-ын хууль зүйн яам “ghost gun” гэгддэг гараар угсарсан, бүртгэлгүй галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авахаар болж байна.

“Манай улсын нэг том тахал бол галт зэвсэг хэрэглэсэн аллага юм. Энэ нь биднийг дэлхийн шившиг болгож байна” гэж Байден захирамжаа танилцуулах үеэр хэлжээ.

Гэхдээ Байдены захирамж хэрэгжихэд саад тохиолдох магадлал өндөр. Учир нь иргэдийн галт зэвсэг хэрэглэх эрх нь тус улсын үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлтээр хамгаалагдсан байдаг.

Тиймээс галт зэвсгийн хэрэглээнд хязгаарлалт тавих оролдлого нь хүний эрхэнд халдсанд тооцогдох магадлалтай.

Байдены хэлснээр АНУ-д өдөр бүр 106 хүн бууны суманд амиа алддаг байна.

“Ghost gun” нь дэлгүүрт худалдаалагддаг эд ангиудыг эвлүүлж босгосон галт зэвсэг юм. Ийм зэвсэгт бүртгэл байдаггүй.

“Гэмт хэрэгтнээс эхлээд террорист хүртэл дурын хүн эдгээр эд ангиудыг худалдаж аваад ердөө 30 минутын дотор галт зэвсэг угсарч байна” гэж Байден хэлсэн байна.

Ийм гараар угсарсан галт зэвсэг сүүлийн үед гэмт хэрэгт ашиглагдах нь нэмэгдэж байгааг судлаачид анхааруулдаг.

Албаны тоо баримтаас харвал Лос Анжелес хотоос хураагдсан бүх галт зэвсгийн 40 хувь нь “ghost gun” байжээ. Байден бас гар бууны хэрэглээг зохицуулах санал боловсруулах хоёр сарын хугацааг хууль зүйн яамандаа өгсөн байна.

Хууль зүйн яам “Ghost gun” зэвсгийн зохицуулалтын талаар саналаа 30 хоногийн дотор боловсруулж, танилцуулахаар болжээ.

Конгресс дахь Бүгд Найрамдахчууд галт зэвсгийн хязгаарлалтыг эсэргүүцдэг. Байдены Ардчилсан Нам одоо сенатын суудлын 50 хувийг эзлээд байгаа. Галт зэвсэгтэй холбоотой шийдвэр гаргахад 60 хувийн санал шаардлагатай тул Бүгд Найрамдахчуудаас дэмжлэг авах хэрэгтэй болж байна.

 

Эх сурвалж: BBC