Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тархалттай хангалттай тэмцээгүй шалтгаанаар Хятадын хилийн боомт хотын намын дарга ажлаасаа халагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун өмнөд Юннань мужийн хилийн боомт хотын коммунист намын даргыг коронавриусийн халдвар удаа дараа дэгдээсэн шалтгаанаар ажлаас нь халжээ.

Мьянмар улстай залгаа хилийн Руйли боомт хотод сүүлийн хагас жилийн хугацаанд гурван удаа халдварын голомт илэрсэн юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт гурав дахь дэгдэлт гарсан байна. Удаа дараа вирусийн халдвар дэгдсэн нь Юннань муж төдийгүй нийт Хятад улсын цар тахалтай тэмцэх үйлсэд хор учруулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд саад хийсэн гэх үндэслэлээр хотын коммунист намын хорооны дарга Гон Юнзуныг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Өчигдөр Хятад улс даяар коронавирусийн халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдсэний 11 нь Юннань мужид илэрсэн юм байна.

Руйли хот нь Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай 4,000 км урт шугамаар хил залгадаг Юннань мужийн чухал боомт юм.

Хил залгаа улсуудын иргэд хууль бусаар Хятадад нэвтрэх тохиолдол түгээмэл байдаг нь коронавирусийн халдвар тархах гол нөхцөл болдог байна.

Руйли хотод хөл хорионы дэглэм тогтоож, иргэдийг шинжилгээ, вакцинжуулалтад хамруулах ажил эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад цар тахал эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдварын 90,365 тохиолдол бүртгэгдэж, 4,636 хүн нас барсан байна.

 

Эх сурвалж: Reuters