Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос түүхийнхээ хамгийн хүнд цаг үед байгааг Ким Жон Ун хүлээн зөвшөөрчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Пёньян хотод болсон эрх баригч намын анхан шатны нэгжүүдийн дарга нарын чуулганыг нээж үг хэлэхдээ Ким Жон Ун улс орон нь түүхийнхээ хамгийн хүнд цаг үед байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн байна.

Цөмийн зэвсгийн туршилттай холбогдуулан АНУ тэргүүтэй улс орнуудын зүгээс тавьсан хориг арга хэмжээнүүдээс гадна коронавирусийн цар тахал Умард Солонгосын эдийн засгийг туйлдуулж байгаа гэж ажиглагчид үздэг.

Хөдөлмөрчний намын анхан шатны нэгж болох үүрийн дарга нарын өмнө үг хэлэхдээ Ким Жон Ун “Улс орон урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй бэрхшээлүүдтэй тулгарсан энэхүү хамгийн хүнд цаг үеийг даван туулахад намын үндэс суурь болсон үүрүүдийн оролцоо маш чухал” гэж ярьсныг тус улсын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Тэрбээр АНУ-ын дайсагналаас улс орноо хамгаалахын тулд цөмийн зэвсгийн хүчээ нэмэгдүүлэхийг амлаж, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлэхийг намын идэвхтнүүдэд уриалсан байна.

Намын үүрүүд нь 5-30 гишүүнээс бүрддэг бөгөөд Пёньяны дэглэмийн бодлого, үйл ажиллагааг нийгэмд хэрэгжүүлэгч гол хүч юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах асуудлаар Умард Солонгостой яриа хэлэлцээ эхлүүлэх санал тавьсан ч Пёньяны эрх  баригчид “дайсагнал”-аа түрүүлж зогсоохоос наана ямар ч яриа байхгүй гэсэн хариу өгч байна.

 

Эх сурвалж: Associated Press