Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европын вакцинжуулалт хэтэрхий удаан байгааг ДЭМБ шүүмжлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Европ тивийн орнуудад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр хэтэрхий удаан хэрэгжиж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр шүүмжилжээ.

Сүүлийн үед тус тивд цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын шинэ тохиолдлууд эрчимтэй өсөж эхэлсэн юм.

“Цар тахлаас салах хамгийн шилдэг арга бол вакцин. Гэвч вакцинжуулах үйл явц дэндүү удаан байна. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, саад бэрхшээлүүдийг арилгаж, нөөцөнд буй тун бүрээ дархлаажуулалтад ашиглаж, шуурхайлах шаардлагатай байна” гэж ДЭМБ-ын Европыг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгджээ.

Вакцинжуулалтыг эхлүүлсэндээ тайвширч, хорио цээрийн дэглэмийг сулруулснаар вирусийн тархалт нэмэгдэх хандлагатай байгааг тэр Европын орнуудад анхааруулсан байна.

Өнгөрсөн долоо хоногоос Европын ихэнх улс орнуудад халдварын шинэ тохиолдлууд нэмэгджээ. Гэтэл тус тивийн 900 сая орчим хүн амын ердөө 10 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна.

Европт нийтдээ 45 сая халдварын тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо нэг саяд дөхөж байгаа. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 1.6 сая тохиолдол нэмэгдэж, 24,000 орчим хүн нас баржээ.

Тус тивийн 50 гаруй улсын 27-д нь өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн болон бүрэн хөл хорионы дэглэм тогтоогоод байна.

100 хүн тутамд ноогдох вакцинжуулалтын үзүүлэлт Европын Холбоонд 16.4 байгаа бол Их Британид 52.4, АНУ-д 44.9 байгаа юм.

Зарим улс орнуудын иргэдийн дунд вакцинд итгэл итгэл сул байгаа нь үүнд нөлөөлж байна. Тухайлбал Украин улс хоёрдугаар сарын сүүлээр 500,000 тун AstraZeneca вакцин хүлээж авсан ч дархлаажуулалтын явц удаашралтай байгаа. Киевийн Социологийн Олон Улсын Хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тус улсын иргэдийн 60 хувь вакцинжуулалтад хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.

Харин Европт дархлаажуулалтыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа улс Балканы хойгийн Серби болоод байна. Тус улс Хятадын Синофарм үйлдвэрийн вакциныг эрт худалдан авч, долоон сая хүн амынхаа хоёр сая гаруйг нь вакцинжуулаад байгаа. Сербийн засгийн газар бас гадаадын цагаачдыг, хөрш улсынхаа иргэдийг хүртэл дархлаажуулж эхэлжээ.

 

Эх сурвалж: BBC