Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ачааны аварга хөлөг Суэцийн сувагт гацсанаас Ази-Европын худалдаанд саатал үүсэхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Ази, Европ тивүүдийг далайн замаар холбож байдаг Суэцийн сувагт дэлхийн хамгийн том ачааны хөлгүүдийн нэг гацсан байна.

Үүнээс болоод хоёр тивийн хоорондын худалдаа, ачаа тээвэрлэлтэд саатал гарах нь тодорхой болжээ. Өчигдөр буюу Лхагва гарагаас эхлэн ачааны хөлгүүд Суэцийн сувгаар нэвтэрч чадалгүй, өөр зам сонгохоор буцаж эхэлсэн байна.

Суэцийн суваг бол барааны хэмжээгээр тооцвол дэлхийн худалдааны 12 хувь дамжин өнгөрдөг маш чухал зам. Үүнээс гадна зэмшигч Египет улсын хатуу валютын чухал эх үүсвэр юм.

Мягмар гарагт 200,000 тонн жинтэй Ever Given хөлөг тус сувгаар нэвтрэх гэж явахдаа гэнэтийн хүчтэй салхины улмаас туугдаж, хайрдсан байна. Суэцийн сувгийг хаасан Ever Given хөлгийг чөлөөлөхөөр долоон чирэгч усан онгоц ажиллаж байгаа ч ажиллагаа хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа ажээ.

 

Уг хөлөг нь 400 метр урт, 60 метр өргөн, 20 тоннын 20,000 чингэлэг тээвэрлэх багтаамжтай юм.

Хөлгийг Тайваний Evergreen Marine Corp компани ачаа тээвэрлэгчдэд хугацаагаар түрээслүүлдэг ажээ.

Суэцийн сувгаар нэвтрэх боломжгүй болсон ачааны бусад хөлгүүд Африк тивийн өмнөд хэсгийн Сайн Итгэлтийн хошуугаар тойрч Европ тивд хүрвэл нэг долоо хоног орчим хугацаа алдах юм байна.

2020 онд Суэцийн сувгаар нийт 19,000 орчим хөлөг нэвтэрсэн нь өдөрт дунджаар 51.5 хөлөг нэвтэрсэн гэсэн үг юм. Ийм завгүй ажилладаг далайн замд саатал гарснаар Ази, Европ тивүүдийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна.

 

Эх сурвалж: Business Insider