Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын дэглэм өнөөдөр өглөө тэнгисийн ус руу пуужин харважээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм өнөөдөр өглөө Зүүн Тэнгисийн (Япон тэнгис ч гэдэг) ус руу үл мэдэгдэх төрлийн пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Яг ямар төрлийн пуужин, хэдэн ширхгийг харвасан талаар мэдээлэл тодорхой болоогүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд тус улс богино тусгалын пуужингуудыг баруун эргээсээ харваж, туршсан тухай хөрш улсууд нь сүүлд мэдээлсэн юм.

Ийнхүү тус улс долоо хоногийн дотор хоёр дахь пуужингийн туршилтаа зохион байгуулж байна.

Японы засгийн газрын эх сурвалж өнөөдрийн пуужин нь баллистик ангиллынх байж магадгүйг мэдээлжээ.

Умард Солонгос хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард баллистик пуужин туршиж байв. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Умард Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон байдаг.

Хэрвээ дээрх мэдээлэл батлагдвал НҮБ-ын хоригийг зөрчсөн явдал болох юм.

Харин өмнөх богино тусгалын пуужингийн туршилтыг хориг зөрчөөгүй гэж үзэж байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ч өмнөх туршилтыг өдөөн хатгалга гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.

Баллистик пуужин нь алсын тусгалтай бөгөөд нислэгийн замаа түргэн өөрчилж чаддаг, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай тул илүү аюултайд тооцогддог.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены шинэ засаг захиргаа Умард Солонгосын талаар баримтлах бодлогоо тодорхойлж буй цаг үед энэхүү туршилт тохиож байна.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын гадаад хэргийн дэд сайд Чо Сон Хуй хэлэхдээ зөвхөн “дайсагнасан бодлого”-оо Вашингтоны эрх баригчид өөрчилсөн тохиолдолд АНУ-тай холбоо тогтоож, яриа хэлэлцээ эхлүүлнэ гэсэн юм.

АНУ-ын засаг захиргаа ирэх долоо хоногт Өмнөд Солонгос, Япон улсын засгийн газруудтай Умард Солонгостой хэрхэн харилцах талаар хэлэлцэх гэж байна.

 

Эх сурвалж: Yonhap News