Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн робот станц Ангараг гараг дээр анхны мөрөө гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 18-ны өдөр Ангараг гарагт амжилттай газардсан Perseverance робот станц анх удаагаа байрнаасаа хөдөлснийг NASA өчигдөр зарлажээ.

Зургаан дугуйт станц анх газардсан цэгээсээ 4 метр шилжээд 150 градусын өнцгөөр дороо эргэж, 2.5 метр ухарсны дараа Ангарагийн хөрсөн дээр гаргасан мөрнийхөө зургийг авч, дэлхийд илгээсэн байна.

Үүний үр дүнд Perseverance робот станцын жолоодлого, явах механизм хэвийн ажиллаж байгааг батлан харуулжээ.

Ангарагт газардсанаасаа хойш уг станц байран дээрээсээ огт хөдлөөгүй бөгөөд өөрийн робот гар, камер, мэдрэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг шалгаж, дэлхийгээс 16MB хэмжээтэй дата татаж, төв удирдлагынхаа программыг шинэчилсэн байна.

Ингэснээр Perseverance станцын компьютер 140 даалгаврыг зэрэг гүйцэтгэх боломжтой болж байгаа ажээ.

Цаашдаа энэ станц нь судалгаа шинжилгээний ажилд ашиглах багаж хэрэгслүүдийнхээ ажиллагааг шалгаж, тохируулах юм байна.

Мөн илүү хол газарт аялж, өөр дээр нь суурилсан Ingenuity хэмээх жижиг нисдэг тэргийг хөөргөж турших гэнэ.

Perseverance станц ямар ямар үүрэг даалгавар гүйцэтгэсэн тухай дараагийн мэдээллийг NASA гуравдугаар сарын 10-нд танилцуулах ажээ.

Эх сурвалж: CNET

 

Зураг
13 | 16 | 16 цаг