Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины талаарх зөрүүтэй ойлголтууд

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн вакцинжуулалт эхлээд буй энэ үед COVID-19-ийн эсрэг вакцины талаар санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах нь нэмэгдэж байна. 

Тиймээс Factcheck.mn АШУҮИС-ийн БиоАС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Эмнэлзүйн дархлаа судлаач эмч АУ-ы доктор Т.Хонгорзул, Эмгэг физиологийн тэнхмийн багш АУ-ы доктор О.Зэсэмдорж нартай хамтран “Хуурамч мэдээлэл: Коронавирус, вакцин” сэдвээр Clubhouse платформ дээр ярилцлага өрнүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн дундах эргэлзээ тээнэгэлзээг тайлах, ташаа ойлголтыг залруулах мэдээллүүд өгснийг нэгтгэн хүргэе.

Коронавирусийн вакцин өөрөө халдварын шалтгаан - ҮГҮЙ

Доктор Т.Хонгорзул: Вакцин дотроо идэвхигүйжүүлсэн, амьд сулруулсан, нуклейн хүчлийн, векторын гэх мэт хэд хэдэн төрөлтэй. Эдгээрээс зөвхөн амьд сулруулсан вируст суурилан гаргаж авсан вакцины үед дархлаа суларсан хүнд ховор тохиолдолд халдвар үүсгэх боломжтой. Коронавирусийн Монголд орж ирсэн байгаа вакцин нь идэвхгүйжүүлсэн ба векторийн вакцины төрөлд хамаарч байгаа учир халдварын шалтгаан болохгүй

Харшилтай хүн коронавирусийн эсрэг вакцин тариулж болохгүй - ҮГҮЙ

Доктор Т.Хонгорзул: Pfizer/BioNTech компанийн вакцинаар 1 сая хүнийг дархлаажуулахад дундажаар 5-10 тохиолдолд харшлын хүнд урвал илэрсэн мэдээлэл бий.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Харшлын салбар зөвлөлийн өгсөн мэдээлэл зөвлөмжүүдээс харахад 300,000 вакцины хатгалтад 1-2 хүнд харшлын хүнд урвал илэрч болзошгүй тухай мэдээлсэн. Гэхдээ энэ ойлголт нь эм бэлдмэл, вакцинд харшилтай хүнд л хамааралтай болохоос ургамлын, тоосны, хүнсний зэрэг бусад төрлийн харшилтай хүмүүс вакцин хийлгэхгүй гэсэн ойлголт биш юм. Өмнө нь ямар нэгэн вакцинаас харшилж байсан бол коронавирусийн эсрэг вакцин хийлгэхдээ урьдчилан сорил тавиулах шаардлагатай.  

COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан хүн дахин халдвар авч болно - ҮГҮЙ

Доктор Т.Хонгорзул: Дэлхий дээр хамгийн олон орон дархлаажуулалтад  ашиглаж, үр дүн нь нээлттэй болсон АстраЗенека вакциныг жишээ болгож аваад үзэхэд дархлаа тогтоож байгаа үр дүн 70-80 хувьтай байна. Үлдсэн 20-30 хувьд дархлаа тогтохгүй байж болно гэсэн үг. Мөн 2 дахь тунг хийлгээгүйн улмаас дархлаа тогтохгүй үлдэж болно.

Вакцин нь хүний биед зориудаар оруулж өгч байгаа биологийн бэлдмэл, нэг төрлийн бүтээгдэхүүн. Тэр бүтээгдэхүүнд үзүүлэх хариу урвал улс үндэстэн, орон нутаг, эрүүл мэндийн боловсрол, хувь хүний онцлог зэргээс хамаарч ялгаатай байна. Дархлаа тогтоц хувь хүний онцлогоос хамаарч дотроо хугацааны болон түвшний хувьд ялгаатай тогтоно.

Тиймээс вакцинд 100 хувь найдалгүй, амны хаалт зүүх, зай барих, гараа угаах зэрэг сэргийлэх аргуудаа хамтад нь хэрэглэх нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдсан хүн амын дийлэнх нь халдвар авсан ч өвдөхгүй, дархлаатай болох учраас халдвар авахгүй. Вакцинд хамрагдсан хүн халдвар авсан ч хөнгөн өвдөөд өнгөрнө.

Анагаах ухааны доктор О.Зэсэмдорж: Вакцин хийлгээд дархлаа тогтсон хүнээс вирус цааш халдварлахгүй гэсэн судалгаа мэдээлэл хараахан гараагүй байна

Эхний тунг хийлгээд хоёр дахь тунг хийлгэх хүртэл хугацаанд вакцины дараах хариу урвал үргэлжилнэ - ҮГҮЙ

Доктор Т.Хонгорзул: Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхэд бусад вакцины адил тарьсан газар хөндүүрлэх, улайх, халуурах, ядрах, сульдах зэрэг шинж тэмдэг илрэнэ. Гэхдээ эдгээр вакцины дараах шинж тэмдэг аяндаа 24-48 цагийн дотор, дээд тал нь 72 цаг болоод арилна. Түүнээс урт хугацаанд үргэлжилж, хүндрэл гарна гэдэг нь ташаа мэдээлэл.

Зураг
13 | 17 | 17 цаг