Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Johnson & Johnson компанийн бүтээсэн вакцин нь АНУ-ын дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглагдах гурав дахь вакцин болно

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын анагаах ухааны мэргэжилтнүүд Johnson & Johnson компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг хүний биед аюулгүй, дархлаа тогтоох чадвартай гэсэн дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлт дээр үндэслээд АНУ-ын засгийн газрын зохицуулах байгууллага FDA (Food and Drug Authority) уг вакциныг хүн амынхаа дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглах зөвшөөрлийг Баасан гарагт олгох төлөвтэй байна.

Ингэвэл J&J вакцин нь Pfizer/BioNTech, Moderna вакцинуудын хамт коронавирусийн эсрэг дархлаажуулалтад ашиглагдах АНУ-ын гурав дахь вакцин болох юм.

Нөгөө хоёр вакцинтай харьцуулбал шинэ вакцин нь ганц тунгаар хийгддэг, өртөг хямд, энгийн хөргөгчний температурт хадгалах боломжтой.

АНУ, Өмнөд Африк, Бразилд явуулсан туршилтын үр дүнгээс J&J вакцин нь ерөнхийдөө дархлаа тогтоох чадвар өндөр боловч коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбаруудын эсрэг үйлчлэл харьцангуй бага болох нь харагджээ.

Тухайлбал ердийн тохиолдолд 85 хувийн үр дүнтэй байсан бол вирусийн шинэ хувилбарууд тархсан газрын туршилтын үр дүнтэй нэгтгэхэд 66 орчим хувийн үзүүлэлттэй гарсан байна.

FDA яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олговол ирэх долоо хоногт гурван сая тун вакцин нийлүүлэх боломжтойгоо Johnson & Johnson компани мэдэгджээ.

АНУ-ын засгийн газартай байгуулсан гэрээний дагуу гуравдугаар сард 20 сая тунг нийлүүлж, зургаадугаар сарын сүүлээр нийтдээ 100 сая тун вакцин нийлүүлэх юм байна.

 

Эх сурвалж: BBC