Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов.
“Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорациас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлнэ.
Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргийлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сануулав.
Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг хэлэв.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:
Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ.
Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж байна.