Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи, Европын Холбооны хооронд вакцины төлөө тэмцэл үргэлжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбогдуулан Европын Холбооны удирдлага өчигдөр Brexit-ийн гэрээний дагуу Умард Ирланд руу вакцин экспортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Brexit-ийн гэрээнд зааснаар Европын Холбооноос Умард Ирландад экспортлогдох бүх бараа бүтээгдэхүүнд гаалийн хяналт тавилгүй чөлөөтэй нэвтрүүлдэг. Гэвч онцгой тохиолдолд хэсэгчилсэн хориг тавих эрх нээлттэй байдаг юм.

Европын Холбооны удирдлагууд өчигдөр уг эрхээ эдэлж, Их Британи руу урсах вакцины экспортыг зогсоох замаар өөрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна.

Гэвч Британийн талаас хүчтэй шүүмжлүүлсний дараа энэ шийдвэрээ цуцалжээ.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон ямар зорилгоор ийм шийдвэр гаргаснаа тайлбарлахыг Европын Холбооноос шаардсан юм.

Умард Ирландын засаг захиргааны тэргүүн Арлен Форстер уг шийдвэрийг “дайсагнасан үйлдэл” гэж нэрлэжээ. Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирланд нь хуурай газраар Европын Холбооны гишүүн Бүгд Найрамдах Ирланд улстай хил залгадаг. Европын Холбоо нь онцгой тохиолдол Brexit-ийн гэрээний 16 дугаар зүйлийг ашиглан уг хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүнд хориг тавих эрхтэй юм.

Хэдийгээр Европын Холбоо шийдвэрээ цуцалсан ч өөрийн гишүүн орнуудаас нь дэлхийн бусад улс орнууд руу вакцин экспортлох бол Брюсселиэс зөвшөөрөл авч байх журам гаргахаа мэдэгджээ. Британийн AstraZeneca компани нийт 400 сая тун вакциныг Европын Холбоонд нийлүүлэх гэрээ  байгуулсан ч үйлдвэрлэлийн саатлын улмаас энэ оны нэгдүгээр улиралд төлөвлөж байснаасаа 60 хувиар цөөн тунг нийлүүлэхээр болсон юм. Тус компанийн вакцинд Европын Холбоо өчигдөр зөвшөөрөл олгосон байна.

AstraZeneca компанийн Нидерланд, Бельги дэх үйлдвэрүүдэд саатал гарсан нь нийлүүлэлтэд ийнхүү нөлөөлжээ. Харин Британи дахь хоёр үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр үйлдвэрүүд зөвхөн Британийн зах зээлд вакцин нийлүүлдэг ажээ. Лхагва гарагт Европын Холбооны төлөөлөгчид AstraZeneca компанийн удирдлагуудтай уулзахдаа вакцины дутууг Британи дахь үйлдвэрээсээ нөхөх шаардлага тавьж байв.

 

Эх сурвалж: BBC