Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энх-Амгалан: Самрын экспортоос жилд 100 сая ам.доллар олох боломжтой

ikon.mn
2021 оны 1 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

“Nord Road” компанийн захирал Д.Энх-Амгалантай самрын бизнес тойрсон асуудлаар ярилцлаа.

-Самрын зах зээл гэхээр гудамжинд суучихаад аягаар хэмжиж зардаг, их томоор бодлоо гэхэд урд хөршийнхөн авч Хятад руу экспортлодог гэж төсөөлдөг байлаа. Гэтэл танай компанийн хушны самрыг цөмж савласан “Хушхан” брэндийг хараад төсөөлөл маань өөрчлөгдсөн шүү. Ер нь самрын зах зээлд хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ, яг танайх шиг үндэсний үйлдвэрлэгчийн хэмжээнд очсон, эцсийн бүтээгдэхүүн хийж яваа өөр компани байна уу?

-Яг манайх шиг үйлдвэрлэгчийн хэмжээнд очсон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гаргасан  үндэсний компани гэвэл өнөөхөндөө алга. Гэхдээ бидний хүрсэн төвшинд хүрэх гээд бэлдээд явж байгаа компаниуд бий. Самрын зах зээлд 20 орчим компани үйл ажиллагаагаа явуулж байна.

-Самрын зах зээлд хэчнээн төгрөг эргэлддэг юм бэ?

-Самар бэлтгэгчдийн хувьд барилгын туслах, тогтсон ажилгүй хүмүүс, малчин, хувиараа ажил эрхлэгчид гэх мэт хүмүүс байдаг л даа. Гаднаас Монгол улсад орж ирчихээд эдгээр хүмүүсийн гар дээр тарчихсан байгаа мөнгө гэхэд л 200 гаруй тэрбум болчихсон. Татвар хураамжид өгсөн мөнгө гэвэл илүү том тоо гарна. Уул уурхай, барилга гэх мэт салбар хүн цалинжуулдаг ч гэсэн ихэнх ашиг, мөнгө нэг аж ахуйн нэгж, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн дунд л эргэлддэг. Гэтэл самрын бизнес өөр. Энэ бизнест зарцуулагддаг мөнгө оролцож байгаа бүх хүнд жигд тардаг онцлогтой. Жишээ нь Архангайн Жаргалант сумын малчин айл гэр бүлээрээ нэг тонн самар түүгээд ирэхэд арван сая төгрөг гар дээрээ бэлэн авдаг. Ингээд харахаар иргэдийн амьдралд үр шимээ илүү их өгч байгаа бизнес л дээ. Энэ жил гэхэд Байгаль орчны яамнаас 25 суманд самар түүхийг зөвшөөрсөн. Эдгээр сумдын иргэд самар түүгээд олсон мөнгөөрөө банкны өрөө дарж, амьжиргаагаа шийдчихсэн. Банкууд нь сүүлдээ зээл аваач гэж гуйж байна гэсэн (инээв).

-Самрын зах зээлээс татвар хураамжид хэр хэмжээний мөнгө төвлөрдөг юм бол?

-Багагүй тоо яригдана шүү. Наад захын жишээ нь орон нутагт гэхэд л самрын кг тутамд 800 төгрөг тушаадаг. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас  100 тонн самар бэлтгэх гэрээ хийлгээ гэж бодъё. 100 тонн самар бэлтгэлээ гэхэд  сумын дансанд 80 сая төгрөг тушаана гэсэн үг. 20 орчим компани тушаадаг гээд бодохоор тухайн сумын дансанд багадаа тэрбум төгрөг орчихож байгаа биз. Энэ мөнгийг байгалиа нөхөн сэргээх, ой цэвэрлэх, ой сийрэгжүүлэх гэх мэтээр ойдоо буцаагаад зарцуулах учиртай. Ийм зорилгоор хураадаг ч харамсалтай нь өнөөг хүртэл хууль журмынхаа дагуу ойдоо зарцуулагдахгүй байгаа. Мөн экспортод гаргахаар бол кг тутамд 3000 төгрөг тушаадаг.

-Ой сийрэгжүүлэлт гэдгээ тодруулж тайлбарлаач?

-Том моднуудын дэргэд ургасан зулзаган хушийг мод ургаагүй газарт шилжүүлж суулгахыг хэлж байгаа юм. Тэгэхгүй бол том моднууд нь хөрсний шим тэжээлийг зулзаган моддод өгөхгүй “булааж” аваад байдаг. Дээрээс нь нар үзэхгүй учраас олигтой ургаж чаддаггүй эрсдэл бий.

-Ой хамгаална гэж хураасан мөнгөө улс өөр зүйлд зарцуулаад байдаг бол хэцүү л юм. Хураалгасан мөнгөнийхөө зарцуулалтад хяналт тавих боломж байдаггүй хэрэг үү?

-Харамсалтай нь тийм боломж байдаггүй.

-Самрын бизнес эрхлэгчид нэгдээд энэ мөнгийг яг ой хамгаалахад зарцуулах тал дээр шийдэл гаргах боломж гарц байгаа болов уу?

-Самрын бизнес эрхлэгчид холбоо байгуулж болох юм. Тэр холбоогоороо дамжуулж нэг бол хяналтыг маш сайн тавьдаг, эсвэл татвар хураамжид өгсөн  мөнгөнийхөө тодорхой хувийг өөрсдөө авч үлдээд компани болон төрийн хяналтан дор энэ мөнгийг ойдоо зарцуулах хувилбар байж болох юм гэж боддог.

-Ингэхэд самар бэлтгэх явцад мод хэр гэмтдэг вэ?

-Та маш чухал асуулт асуулаа. Модыг гэмтээхгүйгээр самрыг яаж бэлдэх вэ гэж би маш удаан бодсон. Самрыг бэлдэхдээ модыг мунадаж самраа унагадаг л даа. Тэр явцад холтос нь гэмтэх эрсдэл үүсдэг юм. Судалгаа хийгээд уулаар явахаар холтос нь гэмтсэн мод таарахад эмзэглэдэг байлаа. Модыг гэмтээхгүйгээр самар бэлдэх аргыг 2016 оноос хайж эхэлсэн дээ. Орос руу хэд хэдэн удаа явсан. Өөр улсад ямар жишээнүүд байна вэ гэдгийг ч сонирхсон. Оросууд нэг сонин арга бодож олсон байдаг. Мотор ашиглаж модоо сэгсэрч самар унагадаг арга. Мотор ашиглаж вибратордах маягаар самраа буулгадаг гэсэн үг. Өнөө аргыг сонирхох гэж би Орос руу явсан юм. Байгаль хамгаалагчид нь тэр аргад дургүй, хориглодогийг тэнд очоод мэдсэн. Учир нь тэр арга модыг үндсээр нь хөдөлгөж, модны судлуудыг гэмтээдэг юм билээ. Олон жил ой хамгаалсан орос хүнээс модыг гэмтээхгүйгээр самар бэлтгэх хамгийн шилдэг арга юу болох тухай асуухад “Ерөөсөө л мунадах. Мунадах арга нь модонд холтсыг нь халцлахаас өөр ямар ч хөнөөлгүй” гэсэн хариу өгсөн. За тэгээд холтсыг нь шалбалахгүйгээр самар бэлдэх аргын эрэлд мордсон доо.

-Тэгээд мод гэмтээхгүйгээр самар бэлдэх арга олж чадсан уу?

-Олсон. 5 мм-ээс 1 см-ын зузаантай ременийг морины тохомны хэмжээтэй дөрвөлжилж хайчлаад, хоёр хажууд нь уяа бүч хадчихад л асуудлаа шийдчих юм байна гэдгийг ойлгосон. Өнөө ременээ хуш модонд хоёр бүчээр нь бэхэлж уяад л болоо. Энэ аргаа туршиж үзэхэд модны холтос огт гэмтээгүй. Ирэх жилээс Байгаль орчны яам, экологийн цагдаа, мэргэжлийн хяналттай хамтарч нэлээд өргөн хүрээнд хэрэглэж туршиж ажил болгохсон гэж бодож байгаа.

-Самар бэлддэг хугацааг цаанаас нь тогтоож өгдөг, ой хаах, нээх хугацаа гэж байдаг. Ойг хамгаалах гэж л ийм хугацаанууд товлодог гэсэн ерөнхий ойлголт  хүмүүст байдаг. Энэ тал дээр нарийн мэдээлэл өгөөч?

-Самрыг бэлтгэдэг хугацаа гэж бий. Ой нээх хугацаа янз бүр л дээ. Жишээ нь өнгөрсөн онд гэхэд л есдүгээр сарын 10-наас эхлээд ой руу орж болно гэсэн. Зарим үед бүр аравдугаар сарын 15-н ч гэж товлодог. Амьтад ичээндээ орохоос өмнө хүнсээ бэлдэх хугацааг бодно. Бас самар гүйцэд боловсрох цагийг ч харгалздаг болов уу. Дараа жилийнх нь гуравдугаар сарын эхээр ойг хаадаг. Энэ бас их учиртай. Самар хүмүүсийн бодож төсөөлснөөс их ургадаг. Модод навчаа хаядагтай бараг ялгаагүй. Хүмүүсийн бэлтгэсэнтэй дүйцэхүйц, магадгүй түүнээс ч илүү хэмжээний самар газар унасан байдаг юм.  Модод навчаа хаядаг шиг хуш мод самраа хаядаг гэсэн үг. Тэгж унасан самрууд одоо цасан доор байгаа. Гурван сараас хойш цас хайлдаг. Тэр үед амьтад ичээнээсээ гарч ирээд газарт унасан самрыг иддэг. Тэгээд үлдсэн самар нь хөрсөндөө үр болж шингэдэг. Яг энэ дүрэм журмаа ягштал мөрдөж ойтойгоо харьцвал бид ойгоо хэдэн зуун жил ч ашиглах боломжтой. Би нэг эрдэмтнээс “Ойд хуш ургахгүй хэсэг байх юм. Хөрснөөсөө болоод байна уу” гэж асуухад “Үр очихгүй байгаа учраас л ургаагүй хэрэг шүү дээ” гэсэн хариу өгч байсан юм. Тэгэхээр бид тэр ажлыг нь хийх ёстой. Бидний тушаадаг кг самар тутмын 800 төгрөг ийм ажилд зарцуулагдах учиртай.

-Самар бэлтгэл дээр нэг эмзэг өнцгийг жил ирэх бүр хөнддөг л дөө. Ойн амьтдад идэх самар үлдээхгүйгээр хамж түүгээд экспортолдог юм биш байгаа гэсэн хардлага жил бүр сонсогддог. Энэ тал дээр яам ямар зохицуулалт хийдэг юм бол?

-Самрыг хэмжээ хязгааргүй ашиглахгүй л дээ. Нарийн зохицуулалт бүхий хуультай. Яаманд Ойн бодлого судалгааны газар гэж бий. Тэр газраас жил бүр долдугаар сарын сүүл, наймдугаар сард самар ургадаг хэсгүүдэд судалгаа хийдэг юм. Нэг хуш модонд хэр хэмжээний боргоцой байна гэдгээс эхлээд нэг боргоцойноос хэчнээн грамм самар гарч байна гэх мэтээр олон талаас нь тестэлж судалгаа хийдэг. Ингэж судалсныхаа үндсэн дээр “За өнөө жил Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төчнөөн тонн самар ургах нь. Энэ самарны 60 хувь нь ойдоо үлдэх ёстой. 40 хувийг нь үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж болно” гэсэн шийдвэр гаргадаг. Хүдэр сумаас гарч байгаа самар болгон бүртгэгдэж, 800 төгрөгөө тушааж, гарал үүслийн гэрчилгээ авдаг. Гарал үүслийн гэрчилгээ байж гэмээ нь экспортод гарна. Гэрчилгээгүй бол хууль бус самар болж улс хурааж авдаг. Мөн өндөр дүнтэй торгуультай. Ийм л энгийн процесс. Тэгэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээний самар экспортлох ямар ч боломж байхгүй.

-Хуш модны самар хэр судлагдсан байдаг юм бол. Бас хэчнээн улсад яг манайх шиг хуш модны самар ургадаг вэ?

-Хуш модны самар хэдхэн улсад ургадаг. Хятад, Хойд Солонгост бий. Гэхдээ яг Сибирийн хуш мод ургадаг орон бол Монгол, Орос. Гэхдээ хуш модны самар улсад нь ургадаггүй ч манай самрыг амьдралдаа хэрэглээ болгочихсон улсууд олон. Америк, Европын улсууд байна. Европ дотроо Голланд, Герман улс маш их хэрэглэдэг. Хуш модны самрын судалгаа өчнөөн байдаг. Барууны зарим орнууд манай самрыг самрын хаан гэж тодотгодог, самрын хатан хаан гэх нь ч бий. Хуш модны самрыг нарийн судалсан улс бол оросууд. Хуш модны самраар олон төрлийн бүтээгдэхүүн хийдгийг нь хараад гайхаж байлаа. Би Орос руу 2016-2018 оны хооронд ойрхон зайтай олон удаа очиж байсан юм. Хэд хэдэн үйлдвэрийг зориуд сонирхсон л доо. Самрын ясаар хавтан хийдгийг тэгж мэдсэн. Гоёлын ханын материал, шал гэх мэт зүйлс хийдэг юм билээ.

-Самрын ясаар барилгын хавтан хийнэ гэхээр санаанд буудаггүй ээ. Ямар технологиор хийдэг юм бол?

-Самрын ясыг боргоцойных нь давирхайтай барьцалдуулаад өндөр градуст шахаад хавтан хийчихдэг юм билээ. Химийн ямар ч нэмэлтгүйгээр 100 хувь эко бүтээгдэхүүн хийдэг гэсэн үг. Тийм хавтангаар ханаа доторлосон айлд орохоор хушин ой үнэртэнэ шүү дээ.

-Самраас өөр ямар бүтээгдэхүүн гаргаж авдаг вэ, бүр сонирхмоор санагдчихлаа?

-Чөмөгнөөс нь тос гаргаж авдаг. Самрын тосыг Герман гэх мэт Европын улсууд руу экспортлодог.

-Хуш модны самрын тосыг эрүүл мэндэд маш сайн гэж дуулсан юм байна. Яг юунд сайн талаар сонссон дуулснаа хуваалцаач?

-Японы нэг эрдэмтэн Хойд Солонгос, Хятадын самрыг судалж байгаад санаандгүй байдлаар Монголын хушны самрын судалгааг эхлүүлчихсэн юм билээ. Хятад, Хойд Солонгосын самрыг манайхан улаан самар гэдэг. Манай самраас хэмжээгээрээ дор хаяж хоёр дахин том. Хүний биед үл орлуулах, харьцангуй үл орлуулах амин хүчлүүд  гэж байдаг. Биед гарцаагүй хэрэгтэй ч организм шинээр нийлэгжүүлж гаргаж авч чаддаггүй амин хүчлүүдийг үл оруулах гэж тодотгодог юм билээ. Организм гаргаж чадахгүй ийм амин хүчлүүдийг хүнснээс авах ганц арга бий. Япон эрдэмтний судалгаагаар Хойд Солонгосын самранд хүний биед үл орлуулах амин хүчил нь 13-14-ийн хооронд байгаа нь батлагдсан. Харин Монголын хушны самар дахь үл орлуулах амин хүчлийн төрөл 19 байна гэж гарсан. Тэр эрдэмтэн энэ судалгаагаараа ном гаргасан байна лээ. Европчууд манай самрын тосыг өглөө бүр өлөн дээрээ цайны халбагаар уудаг гэж сонсч байсан юм байна. Ходоодны шарх, улайлттай хүмүүст онцгой нөлөө үзүүлдэгийг нь бол би өөр дээрээ баталсан (инээв). Хуш модны самрын тосны бас нэг онцгой үйлчлэл  гэвэл ил шарханд маш сайн. За тэгээд хүний биед ашигтай тустайг нь яривал барагдахгүй олон судалгаа, үр дүн бий дээ.

 

-Түрүүн та манайд самрын бизнес эрхэлдэг 20 орчим компани байдаг гэж ярьсан. Үндэсний компани хэдэн хувийг нь эзэлдэг юм бол?

-Ихэнх нь гадны компанид үйлчилгээ үзүүлж байгаа монгол эзэнтэй компаниуд.

-Ихэнх нь гэхээр яг хэчнээн компани нь гадныханд самар бэлдэж өгдөг гэсэн үг вэ?

-Ерээс хол давсан хувь нь. Самар бэлтгэх, бэлтгэсэн самрыг цөмөх, экспортод гаргах гэсэн гурван шатанд нь гадны бизнесийнхэнд үйлчилгээ үзүүлдэг компаниуд гэсэн үг л дээ. Дараагийн төрөл нь үндэсний компаниуд. Экспортод гаргах хүртэл бүх шат дамжлагыг өөрсдөө хийдэг. Ийм компаниуд багахан хувийг л эзлэх байх.

-Гадныхан гэдэг нь хятадууд гэдгийг мэдэхгүй хүн байхгүй л дээ. Хятадууд манайхаас авсан самраа яадаг юм бол, экспортлодог уу, дотоодын зах зээлдээ худалдаалдаг уу?

-Манайд ирж байгаа нь дундын ченжүүд гэсэн үг л дээ. Тэд Монголоос авсан самраа самрын экспорт хийдэг үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Тэдгээр үйлдвэрүүдэд цэвэрлэж, ангилж, ариутгаж савлаад Европын улсууд руу гаргадаг юм. Европ дотроо хамгийн том худалдан авагч нь Герман, Испани хоёр юм билээ. Энэ хоёр улс Хятадын компаниудаас авчихаад Европын улсууддаа савлаж жижиглэнгээр нийлүүлдэг. Хамгийн том хэрэглэгчийг Герман, Голланд гэж түрүүн хэлсэн дээ. Дээр нь Англи нэмэгдэнэ. Ерөнхий тоогоор нь яривал хятадуудын Оросын Зүүн Сибирь, манайхаас авсан самрын 40 хувийг европчууд, 30 хувийг АНУ, үлдсэн 30 хувийг нь Сингапур, Япон, Солонгос, Канад, Австрали гэх мэт улс авдаг юм билээ. Эндээс харахаар  манай самрыг хэрэглэгчид өндөр хөгжилтэй, чинээлэг улсын иргэд байгаа биз. Европт 50 граммаар савласан чөмсөн самар гэхэд л 2-3 евро байдаг.

-Хятадууд манайхаас авсан самраа дотоодынхоо зах зээлд гаргахгүй шууд экспортолдог байх нь. Тэгвэл манайхан самраа яг тэдний төвшинд ариутгаж савлаад Европ руу шууд гаргах боломжтой юу, танай компанийн “Хушхан” брэндийг харахад тийм боломж байх шиг санагдах юм?

-Монголчууд хушны самраа шууд Америк ч юм уу, Европ руу гаргах боломжгүй  дөрвөн шалтгаан бий. Эхний шалтгаан нь эргэлтийн хөрөнгө. Самрын бизнест маш их мөнгө шингэдэг. Банк зээл өгдөггүй. Амжилтад хүрсэн бизнесмэнээс самрын бизнест хөрөнгө оруулаач гэсэн санал тавихад болгоомжилдог. 2014 оноос өмнө самрын бизнесийг хараар хийх тохиолдол багагүй байсантай холбоотой л доо. Хэдэн арван вагон самар хил дээрээс алга боллоо гэх мэт гэмт хэргүүд олноороо гардаг байсан үе шүү дээ. Үүнээс болоод самрын бизнес нэр хүндгүй болсон тал бий. Хоёрдугаарт технологийн асуудал. Самрыг цөмөөд савлаад зарна гэдэг хүмүүсийн төсөөлдөг шиг тийм амар ажил биш. Самрыг цөмөхөд маш нарийн технологи шаарддаг. Технологийн багахан алдаа гарахад л чөмгөө гэмтээх эрсдэлтэй. Энэ технологийг хятадууд маш сайн эзэмшсэн, манайхан чаддаггүй байсан юм. Бид 2016-2018 он хүртэл хятад мэргэжилтнүүдийг авчирч ажиллуулаад 2018 оноос өөрсдөө хийдэг болсон. Энэ жилээс гадны мэргэжилтэнгүйгээр ажилладаг боллоо. Гурав дахь саад гэвэл хөгжингүй орнууд байгалиас гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд маш эмзэг ханддаг. Хаанаас ямар аргаар бэлдсэнийг, модоо гэмтээсэн эсэхийг тодруулж асуудаг. Өөрөөр хэлбэл байгалийн бүтээгдэхүүн хэрэглэхэд хэрэгжүүлдэг стандартыг шаарддаг. Тэр стандартыг хангахын тулд хувь компани дангаараа зүтгээд нэмэргүй юм билээ. Тухайн улсын Засгийн газар нь өнөө стандартыг батламжилдаг байгууллагад албан ёсоор хандаж оруулж ирдэг юм байна. Тэгж байж бидэнд стандартыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Энэ бол маш том асуудал. Үүнээс болоод самраа өөр улсууд руу чөлөөтэй экспортолж чадахгүй байна л даа. Одоо дөрөв дэх асуудлыг хэлье. Европын орнууд хүнсний аюулгүй байдалд маш их анхаардаг. Үйлдвэрийн эрүүл ахуйд онцгой анхаарна. Европ руу гарахад евро стандартыг шаардана. АНУ руу гарахад америкийн стандартыг шаардана. Хятадуудын хувьд энэ бүх асуудлаа шийдчихсэн улс. Самрын экспорт хийж байгаа компаниуддаа жилийн 4-5 хувийн хүүтэй зээл өгчихдөг. Барьцаа гэх мэт босго ч байхгүй. Компаниуд нь өөр хоорондоо бие биеэ батлан даагаад явчихдаг юм билээ.

-“Хушхан” брэндийн хувьд ямартай ч хөрөнгө оруулалт, технологийн асуудлаа шийдчихэж. Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн асуудлаа яаж шийдсэн бэ, самрын бизнест ороод хэдэн жил болж байна?

-Манай компани 2015 оноос хуш модны самрын бизнесийг судалж эхэлсэн. Судлах явцдаа Монголын хушны самрыг 100 хувь Хятад руу экспортлодгийг олж мэдсэн л дээ. Хятадууд манайхаас авсан самраа ариутгаж савлаад өндөр үнээр Европ руу экспортолж байхад бид яагаад тэдэн шиг ариутгаж савлаад зарж болохгүй гэж гэсэн бодол төрсөн юм, тухайн үед. Эхлээд хятадуудтай хамтарч бизнесээ эхлүүлсэн. Олон ч юм сурсан. Өнгөрсөн оны намраас 100 хувь бие дааж бизнесээ хийж эхэлсэн дээ. Хөрөнгө оруулалтын хувьд бага хэмжээний мөнгийг дотоодын хувь хүнээс олж чадсан. Эргэлтийн  хөрөнгийн ихэнхийг  самраа урьдчилж зараад мөнгө босгосон.

-Урьдчилж зарах аа?

-Манай самрыг авах Хятадын үйлдвэртэй “Өнөө жил танайд төчнөөн хэмжээний самар нийлүүлье. Мөнгөө урьдчилаад шилжүүлчих” гэсэн тохироо хийсэн юм. Гурван компанитай ийм гэрээ хийгээд одоо хоёрт нь нийлүүлээд явж байна. Нэгнээс нь 50, нөгөөгөөс нь 80 хувийн урьдчилгаа авсан. Бэлдээгүй самраа урьдчилаад зарчихсан гэсэн үг.

-Үйлдвэрээ барих мөнгөө хаанаас босгосон бэ?

-Би анх энэ бизнесээ эхлэхдээ л 100 хувь үндэсний брэнд бий болгох амбицтай байсан л даа. Бүтээгдэхүүн нь зуун хувь дотоодоос бэлтгэгддэг, дэлхийд чанараараа гайхагддаг, бусад улсад байдаггүй онцгой баялаг учраас үндэсний брэнд л бий болгоно доо гэж зүтгэсэн. Тэгээд нагац ахдаа санал тавьсан юм. Нагац маань “ХосБар” гэдэг барилгын компанийн захирал Шаравням гэж хүн бий. Санал тавих, гуйх зэрэгцсэн байх аа (инээв). Ах маань олон жил бизнес хийсэн, амьдрал нь тогтсон, хаанаас яаж их мөнгө олох вэ гэж бодохоо больсон, тийм төвшний хүн л дээ. Миний бизнесээс ийм тийм ашиг ингэж тэгж олно гэж хандаагүй, хараагүй болов уу. Хушны самар бол Монголын үнэлэшгүй үнэ цэнтэй баялаг юм байна гэдгийг олж харсан. Мэдээж намайг дэмжье гэсэн хүсэлтэй байсан. Тэгээд л үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийсэн дээ.

-“Хушхан” брэндийн самар ястай, цөмсөн гэсэн хоёр хэлбэрээр савлагдсан байна л даа. Самрыг ингэж савлахад үйлдвэрийн хэчнээн дамжлага шаарддаг вэ?

-Би анх энэ бизнес рүү ороогүй байхдаа “Манайхан түүсэн самраа өөрсдөө хэрэглэдэг” гэж боддог байлаа. Гэтэл монголчууд самраа хэрэглэдэггүй улс болж таарсан. Хушны самар огт ургадаггүй газрынхан манай самрыг биднээс хорь, гуч, магадгүй дөч тавь дахин илүү хэрэглэж, эрүүл мэндийн хувьд ашиг шимийг нь хүртэж байхад яагаад монголчууд маань хэрэглэдэггүй юм бэ гэсэн бодол төрсөн л дөө. Жилдээ бэлддэг самрынхаа 0.1 хувийг л өөрсдөө хэрэглэдэг гээд та төсөөл дөө.

-Монголчууд хушны самраа ийм бага хэмжээгээр хэрэглэдэг гэж төсөөлөөгүй юм байна?

-Би ч эхэндээ төсөөлөөгүй байсан. Хүний биед ийм өндөр ач тустай, самрын хаан гэж нэрлэгддэг үнэ цэнтэй бүтээгдэхүүнээ өөрсдөө хэрэглэдэггүй байж таарахгүй гэж бодоод л дотооддоо  гаргахаар сэтгэл шулуудсан. Хүмүүс стаканыхаа самрыг авч идсэн ч бай, үгүй ч бай бид энэ бизнесийг хийж байгаагийнхаа хувьд ашигтай үгүй нь хамаагүй дотоодынхоо зах зээлд гаргах ёстой гэж бодоод “Хушхан” брэндээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас худалдаалж эхэлсэн юм. Ястай самрын маань хувьд уулнаас түүсэн самрыг шууд савлаад дэлгүүрийн лангуун дээр тавьчихаагүй. Цэвэрлэх, үлээх, ангилах, бактергүйжүүлэх гэх мэт нийтдээ есөн дамжлага дамжиж савлагаанд орж байгаа. Чөмөг нь арваннэгэн дамжлагаар дамжиж байж савлагддаг.

-Чөмөг хэлбэрээр савласныг нь хүмүүс илүүтэй сонирхоод байх шиг санагдсан. Европт экспортлогддог стандартаар савлагдсан эд үү?

-Яг тэр стандартын дагуу савлагдсан бүтээгдэхүүн. Чөмгийг 70-80 градусын өндөр температурт 12 цаг хатаасны дараа лазерийн машинаар том жижиг сайн муугаар нь ялгаж ангилаад шар хальсыг нь цэвэрлэдэг машинаар оруулж байна. Хамгийн сүүлд эрүүл ахуйн шаардлага хангасан өмсгөл, хэрэгсэлтэй хүмүүс эцсийн хяналтыг хийдэг юм. Бүр тодруулж хэлбэл 11 дамжлага дамжуулж, 100 хувийн гарцтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Түрүүн та самраас тос, барилгын хавтан гэх мэт хэд хэдэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог тухай сонирхуулсан. Танай компани хушны самраас ямар шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-“Хушхан” брэндийн ястай самар, чөмөг хоёр маань манай багийнхны хувьд хөгжлийн маань бас нэг шат. Мэдээж дараагийн шат гэж бий. Бидний гол зорилго бол байгалийн үнэ цэнтэй самар гэдэг баялгаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргах. Хэд хэдэн бүтээгдэхүүн туршиж, судлаад явж байгаа. Нэг бүтээгдэхүүн дээр нь төслөө боловсруулж байна. Хөрөнгө оруулалтын дүн арай өндөр байгаад байна. Гэхдээ  ирэх хавраас төсөл хэрэгжүүлэх ажилдаа орчих болов уу. Ер нь цаашдаа ямар ч хаягдалгүй үйлдвэрлэл эрхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Таны яриаг сонсч суухад нэг бодол төрлөө. Улсаас самрын бизнесээ бага хүүтэй зээл, стандартад хамрагдах орчныг бүрдүүлэх гэх мэтээр анхаарвал доллар олдог монгол брэндийн тоо нэгээр нэмэгдэх юм байна. Ингэхэд Монголдоо жил бүр бэлддэг самраа эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолбол Монгол Улс жилдээ хэдэн ам.доллар олох боломжтой вэ?

-Их ургацын жилд наанадаж 100 сая ам.доллар олох боломжтой. Таны сая хэлсэнчлэн самрын бизнес эрхлэгчдийг улсаас хөнгөлөлттэй зээлээр дэмжээд өгвөл энэ хэмжээний ам.доллар жилдээ төвөггүй олчихно. Самрын хувьд уул уурхайн бус хамгийн том экспортын бүтээгдэхүүн болох боломжтой. Эргэлтийн хөрөнгөн дээр анхаарах зайлшгүй хэрэгцээ байна. Хоёрдугаарт энэ бизнесийг хийдэг гадаад, дотоодын компаниудыг байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг болгох хэрэгтэй. Миний хувьд өмнө нь самрын бизнесийн хөрөнгө оруулалтад улсаас анхаарах ёстой гэж нэг ч удаа бодож байгаагүй. Боломж бүрийг ашиглах гэж зүтгэж явсаар өнөөг хүрсэн л дээ. Гэтэл энэ жилээс МҮХАҮТ байгаль экологи, эдийн засаг талаас нь самрын бизнесийн орчныг  системээр нь сайжруулах ёстой гэж хараад ажиллаж эхэллээ. Өнөөхөндөө самрын компанийн захирлуудын итгэлийг олж чадахгүй яваад байх шиг. Миний хувьд танхимынхны эхлүүлсэн ажил сая танд ярьсан хэдэн том асуудлыг шийдчих юм шиг харагдаад байгаа. Мэдээж ойрын хэдэн жилд биш байх, ирээдүйдээ эерэг өөрчлөлт авчрахаар ажлыг танхимаас эхлүүллээ гэж харж байна. Түрүүн хоёулаа стандартыг улсаас  санаачлага гаргаж оруулж ирэхгүй яваагаас болж гадны бизнес эрхлэгчид манай самрыг хямдхан аваад өндөр үнэтэйгээр Европ, Америкийн зах зээлд экспортолж байгаа талаар ярьсан даа. Танхимын ярьж, зорьж байгааг харахаар биднийг тэр шатанд гаргаад ирэх нь үү дээ гэсэн олзуурхал төрөөд байх юм.

 

Ярилцсан: Ц.Баасансүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.