Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Коллектив-2020 оны шилдэг баримтат киноны нэг. Монголд анх удаа өнөө орой Mongol HD телевизээр гарна

ikon.mn
2021 оны 1 сарын 17
iKon.MN

Алтан гурвалжин: Шүгэл үлээгч, чөлөөт хэвлэл, идэвхтэй олон нийт буюу Collective баримтат киноноос бид юу сурах вэ?

“Collective” баримтат кино нэгдүгээр сарын 17-ны НЯМ гарагт, 22:30 цагт MONGOL HD TV-ээр цацагдана.

Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын үүсгэн байгууллагч Б.Дуламхорлоогийн бичсэн тоймыг хүргэж байна.

2015 оны 10 дугаар сарын 30-нд Румыны нийслэл Бухарест хотын Коллектив гэх клубт гал гарч 27 хүн газар дээрээ нас барж, 180 хүн шархадсан. Осол гарснаас 4 сарын дараа ч 10-15 хувийн түлэгдэлтэй өвчтөнүүд Бухарестийн эмнэлгүүдэд нас барсаар байв. Нийт нас баралтын тоо 64 болов.

Тухайн үед хэвлэлүүд Коллектив цэнгээний газар яагаад галын гарцгүй байсан, Goodbye to Gravity хамтлагт гадна ашиглах ёстой гэрэлт техникийг дотоод орчинд ашиглах зөвшөөрөл хэн олгосон, яагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй талаар бичиж байв. Гал гарахад хүргэсэн нөхцөл байдал, түүний цаана байж болох авлигыг илчлэхийг зорьж байсныг хэвлэлүүдэд 2015 оны 11, 12 дугаар саруудад гарч байсан мэдээллээс харж болно. Харин 2020 онд нээлтээ хийсэн Collective баримтат кино аминд халгүй хэсэгт, багахан хэмжээний түлэгдэлтэй өвчтөнүүд яагаад эмнэлгүүдэд нас барсаар байсан тухай өгүүлнэ.

“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга” гэгч төсөл нь олддоггүй хуулийн сураг дуулдаж байгаа энэ үед алс хол ч Монголтой маш төстэй Румынд болсон үйл явдлын тухай өгүүлэх энэ баримтат киноны тухай бичих нь ач холбогдолтой гэж үзлээ.

Collective баримтат кино хэд хэдэн шалтгааны улмаас бидний сонирхлыг татах ёстой.

  1. Нийгэмд буй аливаа асуудлыг илчлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо
  2. Нийгэмд буй аливаа асуудлыг илчлэхэд шүгэл үлээгчийн үүрэг
  3. Нийгэмд гаргаж тавьсан аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд иргэдийн үүрэг

Хэвлэл мэдээллийн салбар бол 4 дэх засаглал, хоточ банхар гэж бид цээжээ дэлддэг. Энэ баримтат киног үзсэн салбарынхан ч салбараараа бахархаад, огшоод сувгаа солих байх. Миний хувьд арай өөр зүйлийг Collective баримтат киноноос олж хараасай гэж хүсэж байна. Хэвлэл мэдээллийн салбар дангаараа хүч мөхөс. Манай салбар үүнийгээ хүлээн зөвшөөрч байж хүчирхэг болно.

Коллектив клубт гарсан галын хохирогч нар нас барсаар байсан шалтгааныг Бухарестийн эмч хэвлэлийнхэнд шүгэл үлээсэн учраас энэ хэргийн мөрөөр Спорт Газет сонины сэтгүүлчид орсон. Тэдний араас томоохон эмнэлгийн санхүүгийн баг, өөр эмч нар гээд шүгэл үлээх хүмүүс байсан учраас Спорт Газет сонин энэ хэргийн сурвалжлагыг үргэлжлүүлэн нийтэлж чадсан. Мөн иргэдийн идэвх байсан учраас худалч засгийг огцруулж, түр засгийн газар томилуулж чадсан. Энэ үр дүнд хэвлэл дангаараа хүрч чадах байсан гэж үү?

Эсрэгээрээ хэвлэл байгаагүй бол шүгэл үлээгч нарт дотроо бухимдахаас өөр сонголт, очих газар байх байсан гэж үү?

Амьд хүний шархан дээр өт үүрлэж байгааг харсан эмч нар миний буруу биш гээд хараад сууж байсан бол энэ асуудал өнөөдөр ч далд байх байсан байх. Хэвлэлээр гарсан мэдээллийг уншаад зөвхөн утасныхаа араас сошиал медиадаа дургүйцлээ илэрхийлж, эможи дарахаас цаашаа үйлдэл гаргаж чаддаггүй иргэдтэй байсан бол авлигаар тэжээгдсэн хичнээн гал гарч, хичнээн хүний аминд хүрэх байсан бол, хүрч байгаа бол?

Коллектив баримтат кино албан ёсны эрхтэйгээр өнөө орой Mongol HD ТВ-ээр 22:30 цагт цацагдана. Энэ баримтат киног үзсэн хүн бүр сэтгүүлчдийн хөдөлмөр, сэтгүүл зүйн салбараар бахархах төдий бодол тээж үлдээсэй гэж хүсэхгүй байна. Харин мэдээлэлд ойр эх сурвалжийн хувьд, энэ улсын иргэний хувьд мэдээлэлтэй байж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргаж, тэр шийдвэрийнхээ төлөө идэвхтэй алхам хийж байж хүссэн эх орноо бүтээнэ гэдгээ олж хараасай.

Сэтгүүл зүй бол 4 дэх засаглал биш, бид засаглах ёсгүй, чадах ч үгүй. Харин иргэд төр барих эрхээ хэрэгжүүлэхэд нь бамбай нь байх ёстой. Эх сурвалжаа нууцлах, хамгаалах эрхийнхээ хүрээнд шүгэл үлээгчдийг хамгаалах ёстой. Шүгэл үлээгчдийн амь нас, албан тушаалаа эрсдэлд оруулан байж задруулсан мэдээллийн үнэ цэнийг нь алдагдуулахгүй, бодит шийдвэр болгоход харин иргэдийн оролцоо чухал.

Учир нь хэвлэл мэдээлэл төрийн өмнө бөхийхөд, төр ИРГЭДийг үл ойшоож эхэлдэг.

ТРЭЙЛЭРИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ: 

Монголд анх удаа КОЛЛЕКТИВ баримтат кино Mongol HD телевизээр өнөө орой 22:30 минутаас Aппрентис Монгол нэвтрүүлгийн дараа үзэгч таньд хүрнэ. Сүүлийн 10 гаруй жилд бүтээгдээгүй эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг баримтат энэ кино 14 хоногийн турш ОТТ платформд  www.ori.mn байршина. Mongol HD  кино панел хэлэлцүүлгийн хамт КОЛЛЕКТИВ бүтээлийг ирэх 7 хоногт дахин гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн түүнчлэн ирэх саруудад уг бүтээл орон нутгийн телевизүүдээр цацагдана. КОЛЛЕКТИВ баримтат шинэ киног орон нутагтаа гаргах хүсэлтэй телевизүүд content@publicmediacontent.org цахим шуудангаар харилцана уу. 

Дөнгөж 2020 онд эх барьж авсан КОЛЛЕКТИВ баримтат киноны зохиогчийн эрх авах, эх хэлнээ хөрвүүлэх, мэргэжлийн дуу оруулах, кино панел хэлэлцүүлэг өрнүүлэх, сошиал маркетинг хийх  зэрэг ажлыг Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан хариуцан ажиллаж байна. Монголын Олон Нийтийн Медиа Контент Сан нь олон нийтэд зориулсан онцгой контент үйлдвэрлэх, хамтарсан бүтээл хийх, худалдан авах, захиалах замаар нийтийн үнэт зүйл, эрх ашиг, хүний эрх хийгээд улс орны тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжин, ард түмэнд үнэ цэнтэй бүх төрлийн медиа контентыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой олон нийтийн сан юм. Сангийн тухай илүү мэдээллийг www.publicmediacontent.org эндээс авна уу. 

КОЛЛЕКТИВ баримтат киноны зохиогчийн эрх авах, эх хэлнээ хөрвүүлэх, кино дуу оруулах ажлыг  Монгол дах Канадын Элчин Сайдын Яам болон Английн элчин Сайдын Яам хамтран дэмжлэг үзүүлсэнээр олон нийтэд хүрч байгаа болно.

 
 
 

CĂTĂLIN TOLONTAN (47) – Спортын болон эрэн сурвалжлагч сэтгүүлч.

Каталин Толонтан  нь өдөр тутмын “Gazeta Sporturilor” спортын сонины ерөнхий редактор, сэтгүүлч.

Сүүлийн жилүүдэд Румын Улсын спортын салбар болон улс төрийн хүрээлэл дэх авилга хээл хахуулийг мөрдөж, цувралаар амжилттай эрэн сурвалжилжсаны үр дүнд сэтгүүлзүйн алдартай хэд хэдэн бүтээлээ олон нийтийн эрх ашгийн төлөө түгээж байгаа сэтгүүлч. Түүний эрэн сурвалжлагын мөрөөр зарим сайд, улс төрчид  ажлаа өгч, зарим нь ноцтой хэргийнхээ төлөө ял эдэлж байгаа билээ.

 

VLAD VOICULESCU (33) –  Санхүүгийн шинжээч, philanthropist,

Эрүүл Мэндийн Сайд (2016 оны 05 сараас 12 сар)

Влад нь Веннийн “Erste” банкны хөрөнгө оруулалтын хэлтсийн  дэд ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 27 настайдаа “цитостатик сүлжээ” -г олж илрүүлсэн нэгэн. Энэ нь , хэдэн зуун хүмүүс хулгайгаар хил давуулан хавдарын эмийг Австри, Герман, Унгараас Румын Улс руу оруулж ирдэг  сүлжээ.

Өвчтөний эрхийг хамгаалагч, идэвхтэн тэрээр Румын Улсын Эрүүл Мэндийн Сайд болох завшаан тохионо. Тэрээр Алехандр Наноуд Эрүүл Мэндийн Яаманд нэвтэрч нягталж, сурвалжлах  урьд хожид  хэзээ ч олдож байгаагүй боломжийг олгоно.          

 

CAMELIA ROIU (47) – Мэдээгүйжүүлэгч эмч, Бухарестийн  “Burn” эмнэлэг

Коллектив амьд хөгжмийн клубт гарсан галын дараа анхны шүгэл үлээгч нь. Камелиа галд өртсөн өвчтөнүүд болон амиа алдсан хүмүүсийн талаар Каталин Толонтан болон түүний эрэн сурвалжлах багтай нягт хамтран Румыны эрх баригчдын нууцлаад байгаа шалтгааныг олж илрүүлэхийн төлөө ажиллахаар  шийднэ. Түүний энэ эр зориг нь эмч нар болон бусад иргэдийг эрүүл мэндийн салбарын системийн гажуудал, луйвар хуйвалдааныг олон нийтэд ил болгоход  зоригжуулж, хамтарч ажиллах хүсэл сэдэл хүчтэй төрүүлсэн юм.