Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Уулс хэрхэн үүсдэг вэ?

ikon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Дэлхийн царцдас бүрхүүл олон тооны салангид хавтангуудаас бүрддэг. Тэдгээр нь өөр хоорондоо харьцангуйгаар шилжиж хөдөлдөг. Үүний үр дүнд газар хөдлөл болж, галт уул дэлбэрч, уулс үүсэж, нөгөө талаас хөндий хотгорууд бий болно.

Уншигч та бүхний зарим нь, тэгэхээр дэлхийн чулуулаг бүрхүүл салангид ангархай заагтай юм уу, тийм юм бол тэр зааг нь хаана байдаг юм, эсвэл бидний дор байгаа газар хөдөлдөг болж таарч байна уу гэж асууж болох юм.

Тиймээ, мэдээж хавтангуудын зааг хүн яваад орчихоор онгорхой биш. Тэдгээр нь геофизикын судалгаа болон сансрын зураг дээр бол тод ялгагдана. Царцдас бүрхүүлийн хөдөлгөөн хамгийн хурдандаа Номхон Далайн зүүн хэсгийн хавтан 15 см/жил, Монгол Алтайн нуруунд 5 мм/жилийн хурдтай хөдөлдөг. Газар хөдлөлийн процесс эдгээр хөдөлгөөнүүдийн илэрхийлэл болно.

Өргөгдсөн тал

Говь-Алтайн уулсыг алсаас харахад оройн хэсэг нь үргэлжээрээ хавтгай харагдана. Уулсыг бүрдүүлж байгаа өндөр оргилуудын нэгэн дээр авирч гарахад ч дээрээ тал шиг хавтгай гадаргуутай юм байна гэдгийг мэдрэх болно.

 
Алсад цайран харагдах Их Богдын торгон орой тэгш харагдана. Гэрэл зургийг Жаймэй

Ойролцоогоор 5 сая жилийн тэртээ одоогийн Говь-Алтайн нуруу оршин байгаа газар нутаг нэлэнхүйдээ тэгш тал байжээ. Улмаар Энэтхэг-Евразийн тектоник хавтангуудын коллизын улмаас асар хүчтэй газар хөдлөлийн хагарлууд бий болж, тэр талын зарим хэсгийг хоёр талаас нь үргэлжээр нь дээш өргөж, өнөөдрийн Говь-Алтайн уулсыг үүсгэсэн байна. Эдгээр уулс нь одоо ч эрчимтэй өргөгдөж байгаа.

 
Говь-Алтай, Их Богдын тэгш орой. Тэгш Өндөрлөгийн урт 20 км, хамгийн өргөн хэсэгтээ 8 км. Зургийг Францын Монтпеллиерийн их сургуулийн эрдэмтэн, геологич Жэфф Ритц

Зуны халуунд Говь-Алтайн нурууны эргэн тойронд амьдрах малчид малаа аван Их, Бага Богдын Нуруу, Баянцагаан уул, Бурхан Буудай уул, Хар Аргалантын нуруу, Гичгэний нурууны бэл, эсвэл таг өөд оторлоно. Тэнд өвс ургамал ихтэй, сэрүүн болохоор ялаа шумуулгүй, ам бүрээс нь булаг шанд оргилон ертөнц дээрх нэгэн диваажинг бүрдүүлнэ.

Нийтлэлийг бичигч би, тэр жил Говь-Алтай аймгийн Чандмань сумын баруун талын Эмээлцэгийн нуруунд ажиллаж байхдаа орой дээр нь гарч, уулын ар хэсгээр ургасан вансэмбэрүү цэцгийн төгөлийг харж, нутгийн малчны отрын гэрт зочилж, тэгш өндөрлөг дээгүүр мориор давхисанаа эргэн санахад маш сайхан байдаг.

 
Бурхан Буудай уулын тэгш өндөрлөг. Говь-Алтай, Бигэр сум. Гэрэл зургийг Д.Баттогтох

 

Эх сурвалж:  www.joinme.mn