2021/12/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.55₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-15°
07:00
S32
-4°
08:00
S32
-6°
09:00
S31
-8°
10:00
S31
-9°
11:00
S31
-10°
12:00
S29
-11°
13:00
S29
-11°
14:00
S29
-12°
15:00
S29
-12°
16:00
S29
-12°
17:00
S29
-12°
18:00
S29
-12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доктор Д.Хоролдамба: 1911 оны хувьсгал бол XX зууны хамгийн тэнгэрлэг үйл явдлуудын анхдагч нь юм

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг
Зургийг Khoroldamba Damdins хуудсаас авав

Доктор Д.Хоролдамбатай 1911 оны хувьсгалын талаар ярилцлаа. 

-1911 оны 12 дугаар сарын 29 түүхэнд онцгой өдөр. Яагаад гэвэл Үндэсний эрх, тусгаар тогтнолын хувьсгалын өдөр. Бид түүнийг зөв танин мэдэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Монголчууд Үндэсний эрх, тусгаар тогтнолын хувьсгал хийж, 1911 оны 12 дугаар сарын 29-ний Баасан гарагийн морин цагт Халхын Анхдугаар Богдын YIII дүр Жавзандамба хутагтыг  улсынхаа хаан сэнтийд өргөмжлөн залж, төрт улсаа сэргээн байгуулсан. Энэ бол нийт Монгол түмний их баярын өдөр юм. 1911 оны Монголын Үндэсний эрх, тусгаар тогтнолын хувьсгал бол ХХ зууны хамгийн тэнгэрлэг үйл явдлуудын анхдагч нь бөгөөд Ази тив, цаашилбал дэлхийн түүхэнд өөрийн гэсэн өнгө аяс, хувь нэмэртэй түүхэн үйл явдал мөн.

Тэрхүү хувьсгалын ачаар монголчууд дэлхий дахинд тусгаар тогтнолоо дахин тунхаглан зарлаж, эзэн Чингис хааны байгуулсан их төр улсын гал голомтыг бадраан өртөөлж, өнөөгийн Монгол улс оршин тогтнох үндсийг тавьсан. 1911 оны Үндэсний хувьсгалын удирдагчид, Эзэн Чингис хааны удмын ах дүү ноёдын зүгээс Монгол эх орныхоо төлөө явуулсан бодлого, үйл ажиллагаа, амьдрал тэмцлийн замналыг эрдэмтэн, судлаачид сайтар судалж, ном, бүтээлүүд туурвиж ирсэн нь түүхийн ухаанд гарсан чухал ололт болохыг нэн түрүүнд бахархан  хэлэх нь зүйтэй.

-Тэр өдөр чухам юу болов?

-Богд Жавзандамба хутагтыг шашин төрөө хослон баригч эзэн хаан сэнтийд залах тунхагийг уншиж сонордуулаад Богд хаан, хатан Дондогдулам нарын тэргүүнд эрдэнийн титэм асаах хүндтэй үүргийг Да лам Цэрэнчимэд, Сайн ноён Т.Намнансүрэн нар ёслол төгөлдөр гүйцэтгэжээ. Хүн бүр хичээнгүйлэн гурвантаа сөгдөж, есөнтөө толгой бөхийн мөргөж ёслол хүндлэлээ илэрхийлсэн нь Монгол хаадыг хааны сэнтийд залан өргөмжлөхөд гүйцэтгэдэг  эрхэм ёсыг  уламжлан мөрдлөгө болгож байгаа хэрэг, товчхондоо монгол төр ёс сэргэсний илэрхийлэл болжээ. Таван яамны сайдыг нэр заан тохоон томилж, улс байгуулахад хүчин зүтгэсэн ван гүн, ноёд ихэс, хутагт хувилгаадаас эхлээд азай буурлуудад хүртэл хишиг хүртээж, төрийн сүр жавхлан буй болсон юм.

Монгол хүн бүр магнай хагартал баярлаж, хааны зүг хандан тэнгэрийн хишигт сүслэн мөргөж, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, үй олон хүн гудамлан зогсож, сүслэн залбирцгаажээ. Их хуралдай болохтой зэрэгцэн Нийслэл хүрээний гудамж, талбай амь орсон мэт болжээ. Нийслэл хүрээ хамаг монголчуудын итгэл, бишрэл, анхаарлын төв болж монголын олон хошуу нутгаас Богд уул, Алтан тэвшийн хөндийд болж буй их үйл хэрэгт алсаас сүслэн, нэгэн өдөр, нэгэн цагт мөргөцгөөжээ.

Оросын судлаач И.И.Поповын бичсэнчлэн Богдын Зуны ордны эргэн тойронд Монголын олон хошуудаас Богд гэгээнд бэлэглэсэн 300 орчим цагаан тэмээ, 2000 орчим цагаан морьдийг тойруулан уясан байж.  Энэ бол Монгол төрийн ёс, ёслол жинхэнэ утгаараа сэргэсний томоохон илрэл. Монголчууд сэргэн мандаж, тусгаар тогтнолоо сэргээн шинэ монгол улсаа байгуулсны баяр, төрт ёсны их баяр юм Профессор Л.Жамсран гуайн онож бичснээр Монголчуудын сэргэн мандалтын эхлэл болсон байна.

-Хуучин үзэл суртлын үед түүхийг гажуудуулж, ач холбогдлыг нь бууруулан зохиож бичдэг байсан. Богдыг л гэхэд аль муугаар бичиж байв. Бид түүнийг зөв танин мэдэхийн тулд юуг анхаарвал зохих вэ?

-Нэг хэсэг монголын нийгэм Богд хааныхаа талаар тун буруу ойлголттой болчихсон байлаа. Шалтгаан нь тодорхой. Нэг талаас дан ганц намын үзэл сурталжсан тогтолцооны онол номлолын дагуу YIII Богд Жавзандамба хутагтаас эхлээд Анхдугаар Богдоо хүртэл элдвээр гүтгэж,  шар феодал гэж хараан зүхэж байсантай холбоотой. Аугаа суут эзэн Чингис хаанаа хүртэл хараан гүтгэж, ганцхан Галдан гэгчийг үндэсний баатар болгон сурталчилж ирсэн нь  түүх завхруулгын сонгодог жишээ мөн. Нөгөө талаар түүхэн бие хүний  талаарх судалгаа дутмаг, дарга нарын нутаг ус, яс угсааг харгалзан, тэдэнд таалагдах байдлаар түүх зохион бичдэг байдал түүх бичлэг завхрахад нөлөөлдөг юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй юм.  

-YIII Богдыг О.Батсайхан доктор, Анхдугаар Богдыг та судалж, нэр төрийг нь цагаатгасан гэж бид ойлгодог. Энэ талаар та юу хэлэх  бол?

-YIII Богдын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг  О.Батсайхан доктор судалж, “Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богд Жавзандамба” гэдэг сайхан бүтээл туурвисан. Ж.Урангуа докторын судалгааг бас тэмдэглэж хэлэх ёстой. Ж.Болдбаатар багш, З.Лонжид багшаас эхлээд нэр дурдсан эрдэмтдийнхээ гаргасан жимээр дараа үеийн түүхчид судалгааг гүнзгийрүүлэн, тэднийгээ багш гэж хүндэтгэн өөр өөрсдийн чадлын хэрээр судалгааг гүнзгийрүүлэх учиртай.

Эрдэм шинжилгээний ажлын зарчим нь өөрөө ахмад эрдэмтдийн тухайн чиглэлээр явуулсан судалгаа, холбогдох эх сурвалжууд дээр тулгуурлаж, баяжуулах зарчмаар явагддаг. Миний хувьд “Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар” гэдэг номоо 2015 онд хэвлүүлж, олны хүртээл болгосон. Мөн онд 380 жилийн ойн хуралд шинэлэг утга агуулгатай илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Ер нь энэ хоёр Богд монголын 8-9 Богдын дундаас онц гойд, түүхэн гарамгай зүтгэлтнүүд юм шүү, судлах тусам монгол түмний өмнө байгуулсан гавьяа зүтгэл нь улам гялалзан тодрох суут хүмүүс мөн гэдгийг зориуд тэмдэглэе.

-Та ярилцлагын эхэнд Да лам Цэрэнчимэд, Сайн ноён Т.Намнансүрэн хоёрыг хэлсэн. Ханддорж вангийн тухай  таны санаа бодлыг сонирхож байна.

-Яриангүй чин зоригт эх орончид мөн. Монголын улс төрчдийг анхааралтай ажиглаж, цөөнгүй удаа уулзаж учирч, гэрээ хэлцэл хийж байсан Оросын дипломатч И.Я.Коростовец “Бидний хамгийн гол ухаалаг, хэрсүү өрсөлдөгч болох Да лам бол хахуульд үл автах, шулуун шударга, хартай, хашир хүн. Сайн ноён хан ухаалаг, эрс шийдэмгий бус(хашир болгоомжтой)  зан чанартай.

Да лам болон Сайн ноён ханаас бусад нь төрийн хэрэг шийдэхэд бүрэн бэлтгэгдээгүй хүмүүс” гэж хүртэл тодорхойлсноос үзвэл монголын олон ван, ноёд, хутагт хувилгаад, ихэс дээдсийн манлайд Г.Цэрэнчимэд, Т.Намнансүрэн хоёрыг тавьж, ихэд үнэлж байсан нь харагддаг. Энэ бол хоёр улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлолцож, энэ талаар ухаан бодлоо уралдуулж байсан Их Оросын нэртэй, хашир дипломатчийн үг шүү дээ. М.Ханддорж вангийн түүхэн хувь нэмрийн тухай судалгааг академич Ж.Болдбаатар багш олон жил хийж, ном, бүтээлүүдээ гаргасан.

2019 онд YIII Богд хааны болон М.Ханддорж вангийн 150 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлууд сайхан боллоо. Та түрүүн түүхээ зөв танин мэдэхийн тулд юуг анхаарах ёстой талаар сонирхож байгаа нь сайн хэрэг. Түүхэн зүтгэлтнүүдийн судалгааг архивын баримтад тулгуурлан шинэ гаргалгаагаар баяжуулж, 100, 150 жил гэх мэт томоохон ойн жилүүдэд нь түүхч эрдэмтэд манлайлан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа нь тун чухал юм.

Эдгээр хурал түүхэн зүтгэлтнүүдийн судалгаанд шинэ алхам, ахиц дэвшил болдог учраас би сайшаан хэлж байна. Аль алинд нь багш нар, эрдэмтэн нөхдөө бараадан  оролцож, өчүүхэн айлтгалууд хийсэн. “Халхын Анхдугаар Богд YIII Богд нарын түүхэн залгамж холбоо”-ний асуудлаар илтгэл тавьсан. Харин М.Ханддорж вангийнхаа 150 жилийн ойгоор түүний өвөг дээдэс эх орон, газар шороогоо хамгаалан олон үеийн туршид тэмцэж байсан тухай   мэдлэгт дусал нэмэрлэсэн төдий. “Эрдэнэ Дайчин хошой чин ван М.Ханддорж ба Түшээт ханы өвөг дээдэст холбогдох зарим мэдээ, баримт” гэсэн сэдвээр.

-Ханддорж ван төдий биш өвөг дээдэс нь бас газар нутгаа хамгаалж байсан гэсэн санаа шинэлэг сонсогдож байна. Энэ тухай тодруулна уу?

-Хувьсгалын удирдагчдын өвөг дээдэс Чин гүрний эрхшээлд байх үед ч улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нийгэмд байр суурь бүхий байсныг архивын мэдээ, баримт, бусад сурвалжуудаас үзэж болно. Тухайлбал, М.Ханддорж вангийн  дээд өвөг нь Хан уулын чуулганы дарга, Түшээт хан аймгийн туслагч жанжнаар ажиллаж байсан нөлөө бүхий ноёд байжээ. 

Чавагжав буюу Цэвэгжав ноён л гэхэд 1797 онд хошуу засаг болоод 1801 онд Сэлэнгэ, Ингэтийн зэрэг газруудад хятад тариачид олширч, “харъяат хошууны олон ардуудыг гачигдуулж, амьдрах аргагүйд хүргүүлсэн учрыг гаргаж, тэдгээр хятад нарыг хөөн зайлуулахыг гуйн, Хүрээ сайдуудад өргөн мэдүүлж” тэмцэж байсан байна.  Тийнхүү монголчуудыг суурин иргэншилтний давалгаа, хятадчилах аюулаас хамгаалах стратегийн бодлогыг Цэвэгжав ноён өөрийн хошуундаа хэрэгжүүлэхийн төлөө чармайн тэмцэж байжээ.

Тухайн үед мөрдөж байсан “Зарлигаар тогтоосон Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйлийн бичиг”-т “Хаалганы дотор суусан хошууны хүн, иргэд хаалга гарч Монгол газарт тариалан хагалж болохгүй, зөрчигчдийг хууль ёсоор яллагтун”, “...Дотоод газрын Хятад хүмүүс дотоод, гадаад засгийн зэрэг газрын Монгол эм, охиныг гэргий болгон авч болохгүй” гэж заасныг Цэвэгжав тэргүүтэй монгол ноёд амьдралд  мөрдлөгө болгохын төлөө тэмцэж, зохих үр дүнд хүрч байсныг энэ жишээ баримт харуулж байгаа юм. Ингээд Цэвэгжав ноёны гомдол, заргын дагуу “Хүрээ сайд”  ван Юндэндоржоос уламжлан, зарлиг ёсоор Улиастайн жанжин Ёмбууг томилон хянан байцаажээ.

-Тэгээд юу болов?

-Улиастайн жанжин Ёмбуу Цэвэгжав ноёны хошуу нутагт хүрэлцэн ирж, байдлыг газар дээр нь үзэж танилцжээ. Хянан байцаахад хэд хэдэн хошуу төдийгүй Богд Жавзандамба хутагтын шавь нарын нутаг, Иэвэн Бургалтай, Орхон, Сэлэнгэ, Бийбулаг зэрэг газруудад 400-аад Хятад иргэн тариа тарьж байгааг тогтоожээ. Улиастайн жанжин Ёмбуу “миний бие тэдний хятадуудыг нэр дараалан байцааваас бүгд 391 хүн” болсон гэсэн байдаг.

Ингээд сайд ван Юндэндорж даруй үлдэн хөөх арга хэмжээ авчээ. Эндээс юу харагдаж байна гэхээр Түшээт хан аймгийн засаг, ван Цэвэгжав хятадаас ирж хорогдон суусан тариачин иргэдийг газар орноосоо хөөн зайлуулах асуудлыг Хүрээ сайдуудад шавдуулан тавьж үндэс, язгуураа хамгаалах бодлогоо нааштай шийдвэрлүүлж чаджээ. М.Ханддорж вангийн өвөг дээдэс нь монголын ирээдүй, үр хойчийнхоо төлөө санаачлагтай ажиллаж, шийдвэр төгс, идэвхитэй тэмцэл өрнүүлж, амь насаа огоорон нутаг хошуундаа эзэн болж байсан нь баримтаар батлагдаж байна.

Энэ мэдээ баримт түүхээс үзвэл 1911 оны Үндэсний хувьсгалын үр хөврөл Манжийн эрхшээлд байх үеэс монголын нийгмийн хэвлийд  бүрэлдэж ирсэн байна. Тийнхүү  М.Ханддорж вангийн өвөг дээдсийн эх оронч тэмцэл бүтэн 100 жилээр өртөөлөн тэмцэж байж эцсийн дүндээ XX зуунтай золгож, ялалтад хүрснийг дээрх үйл явдал харуулж байгаа юм.

-Маш сонин, баримттай сайхан судалгаа байна. Та 1911 оны хувьсгалаас өмнө Ханддорж ван Сайн ноён ханы хошуу нутагт очиж, уулзаж байсан тухай бичдэг. Энэ тухайд бас сонирхож байна?

-1910 оны 8 дугаар сард  буюу Цагаан нохой жилийн намрын тэргүүн сар Халхын Түшээт хан аймгийн цэргийн туслах жанжин, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж ноёнтон өөрийн хатан Сэвжидмаа болон зарим шадар дагалт нарын хамтаар Хангайн нурууны Хятрууны рашаанд хүрэлцэн очиж, Сайн ноён, хошой чин ван Т.Намнансүрэнтэй уулзжээ.

Аугаа суут эзэн Чингис хааны шууд угсааны тэдгээр ах дүү ноёд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хэрхэн өрнүүлэх талаар санаа бодлоо нэгтгэж, их хэргийг үүсгэхээр төлөвлөж байсан нь  хойш хойшдийн үйл явдлууд, 1911 оны хувьсгалаас илэрхий болсон шүү дээ. Тэд монголын эх орончдын хамтын хүчийг олж YIII Богд гэгээнийг тойрч нягтран, ихээхэн хязгаарлагдмал бололцоо, хүнд нөхцөл байдалд халшран хойш суулгүй, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран тэмцэж, дэлхийн I дайн дэгдэхээс өрсөж Богд хаант Монгол улсаа байгуулж аугаа гавъяа байгуулсан юм.

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн ухаан, нэр буян, Монгол төр, түмний эрдэнэ мэт хайрлагдсан дайчин чин ван М.Ханддорж, Г.Чагдаржав, Өвөр Монголын Б.Хайсан гүн,  төр, улсаа байгуулахад үлэмж хувь нэмэр оруулсан чин шударгу зүтгэлтнүүд юм. Та бод л доо! “Монголын сонин бичиг”-ийн тэргүүн нүүрний дээд талд Их Монгол улсын Олноо өргөгдсөний тэргүүн оны тэдэн сарын тэдний өдөр гээд л бичдэг болсон юм шүү дээ.  

-Их Монгол улсаа байгуулж байна гэж үзэж, тэгэж л зорьж байж. Та Сайн ноён ханыг шинэ Монгол улсын шинэтгэлийн эцэг гэж үздэг. Яагаад түүнийг Ерөнхий сайд болгосон бэ?

-Дотоод хэргийг Бүгд захриан шийдтгэгч яамны сайд нь бусад дөрвөн яамаа ахалж байсан тул Да лам Г.Цэрэнчимэд тэргүүлэх үүрэгтэй байв. Дараа нь 1912 оны долдугаар сард Богд эзэн хааны зарлигаар Сайн ноён хан Т.Намнансүрэнг шинэ тутам байгуулсан Бүгд ерөнхийлөн захирах яам буюу Засгийн газрын Ерөнхий сайдын өндөр албан тушаалд тохоон томилжээ.  Сайн ноён хантан мөн жилийн намрын сүүл сарын 15-нд сайдын тамгаа гардан авч, хаант төр, хамаг олныхоо төлөө насан өөд болтлоо зүтгэсэн гавьяат сайд юм. Да лам Г.Цэрэнчимэдийн улс төрийн байр суурийг Т.Намнансүрэн ханд эзлүүлсэн нь тохиолдлын хэрэг биш, ихээхэн хүндэтгэл байсныг хэлэх хэрэгтэй. 700 жилийн туршид тасралтгүй үргэлжилсэн  эзэн Чингис хааны удмийн ихэс, дээдсийн манлайд Сайн ноён Т.Намнансүрэнг залсан нь зүй ёсны явдал байлаа.

Туурга тусгаар шинэ монгол улсын анхны Ерөнхий сайд болсон Сайн ноён хантан маань  юуны өмнө монголчууд тусгаар тогтнолоо сэргээн, улсаа шинээр байгуулсан тухайгаа дэлхий дахинд тунхаглан зарлаж,  хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө шийдвэр төгс гадаад бодлого явуулсан байдаг. Түүнчлэн Монголын талаас Сайн ноён хан, Оросын талаас И.Я.Коростовец нар тэргүүлэн Орос, Монголын хэлэлцээрт 1912 оны 10-р сарын 21-нд гарын үсэг зурж, Монгол-Оросын найрамдлын төлөө хундага өргөж, умард хөрштэйгөө хэлэлцээр хийж, улмаар хэд хэдэн гэрээ байгуулсан нь чамлахааргүй амжилт юм.

Мөн оны 10 дугаар сарын 29-нд Франц, Англи, Герман, АНУ, Белги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг 9 улсын Засгийн газарт хандаж, тусгаар тогтносноо тунхаглан зарласан албан бичиг илгээж, “гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгах” бодлогоо илэрхийлсэн. Т.Намнансүрэнгийн Засгийн газрын үед орчин үеийн “гуравдагч хөршийн бодлого”-ыг  үндэслэсэн, шинэтгэлийн суурь алхамуудыг хийсэн. Дэлхийн I дайн дэгдэхээс өмнө монголын эх орончид аугаа үйл хэргийг амжуулсангэж бид байнга талархаж явах ёстой.

-Цаашид хийх ажил, судалгааны чиг хандлагын талаар таны санаа бодол юу вэ?

-Эх орончдын судалгааг тогтмол, тасралтгүй явуулж, улам лавшруулж,  архивуудын сан хөмрөгт  хадгалагдаж байгаа төрийн нэрт зүтгэлтэн, эх орончидтой холбогдох архивын баримт, эх сурвалжуудыг аль болох хэмжээгээр илрүүлж, архивын баримтын эмхтгэл хийх ажил нэн тэргүүний зорилт гэж үзэж байна.

Дараагийн бас нэг ажил бол 1911 оны ҮЭЧХувьсгалын голлох зүтгэлтэн, шилдэг эх орончдын амьдрал, тэмцлийн замналыг харуулсан уран сайхны олон ангит цуврал кино зохиолын уралдаан зарлаж шалгаруулах, улмаар бүтээх ажлыг миний хувьд  ихэд чухалчилдаг. Тэр нь  хүүхэд залууст эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж ирсэн өвөг дээдсээрээ бахархах, үндэсний үзэл төлөвшихөд эерэг нөлөө үзүүлэхүйц байх учиртай. Энэ мэт олон ажлыг санаачлан зохион байгуулахын тулд төр, захиргааны байгууллага, эрдэм шинжилгээний хамт олон, эрдэмтэн судлаачид харилцан хүчээ нэгтгэн ажлаа төлөвлөж, ажиллах хэрэгтэй.

-Ярилцлагын эцэст Хархорумын 800 жилийн ойн хамгийн гол ажлын тухай асуумаар байна.  Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг та амжилттай зохион байгуулсан.  Цар тахлын хорио цээрийг бага зэрэг сулруулсан сиймхийгээр амжуулчихлаа гэж улсууд ярьцгааж байна. Энэ талаар тодруулъя.

-Хархорумын 800 жилийн ойн хамгийн гол ажил гэж та зөв хэллээ. Түүхэн ойн хамгийн гол ажил наадам, цэнгүүндээ биш олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах явдал амин сүнс нь болдог. Үнэхээр цар тахлын хорио цээрийн дэглэм бага зэрэг суларсан хэдхэн хоногт л болох учиртай байж. “ХАРХОРУМ 800: ТҮҮХ, ӨВ СОЁЛ” хурлаа хийсний маргааш 32 хүнээс ковид илэрч, дахиад чангалчихлаа шүү дээ. Тэгэхээр болох юм тэрхэн сиймхийгээр ч гэсэн болдог л юм байна. Хурлыг УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор УИХ, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА-ийн Археологийн хүлээлэн, Хархорум нийгэмлэг, Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх Угсаатны Зүйн хүрээлэн хамтран явуулсан, нийт 20 илтгэгч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга илгээлт ирүүлж, гүн хүндэтгэлээ илэрхийллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүн үг хэлж, Монгол Улсын Засгийн Газар Хархорум хотын 800 жилийн ойн түүхэн жил 2020 онд “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, УИХ-аар батлуулсан тухай танилцуулсан. Тус баримт бичгийн 1.1.6: “Үндэсний археологийн хөглийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палентологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төв байгуулна” гэж шийдвэрлэснийг тодорхой хэлж өгсөн нь олон хүнд урам зориг өгсөн гэж үзэж болно.

-Хархорумын 800 жилийн ойн жил төр бодлогоо тодорхойлж өгсөн байна гэж ойлголоо, зөв үү?

-Тиймээ. Бас нэг чухал бодлого уг шийдвэрт тусгагдсан. “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ Хархорум хотын  байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж заасан нь олон жилийн хүсэл, мөрөөдлийг биелүүлэх шийдвэртэй алхам гэж бид талархаж байгаа. Энэ хуралд  Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгч, доктор Агнеш Берталиан, Америкийн нэрт эрдэмтэн, доктор Жек Уэтерфорд,  Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,  монголч эрдэмтэн Борбала Обрушански болон  эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний байгууллагуудын голлох эрдэмтэн мэргэд сонирхолтой илтгэлүүд  тавилаа.

Хурлыг зохион байгуулахад чин сэтгэлээсээ анхаарал хандуулж тусласан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, профессор Д.Лүндээжанцан, ШУА-ийн Археологийн хүлээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар болон тэдгээр байгууллагын хамт олон, эрдэмтэн нөхөддөө  гүн талархлаа илэрхийлж байна.

x