Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баренцын тэнгист Оросын загас агнуурын хөлөг живсний улмаас 17 хүн амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө ОХУ-ын Архангельск мужийн харьяа Баренцын тэнгисийн Шинэ Газар (Новая Земля) арлуудын орчимд Онега нэртэй загас агнуурын хөлөг живсэн байна.

Хөлгийн багийн гишүүн 19 хүнээс хоёрыг нь аварсан бол үлдсэн хүмүүс нь бүгд живж амиа алджээ.

“Урьдчилсан дүгнэлтээр аврагдсан хоёр хүнээс бусад далайчдыг амь үрэгдсэнд тооцож байна. Далайн шуурганы үеэр хөлдсөн хөлөг онгоц шууд живсэн тул хүн амьд үлдэх ямар ч боломж байгаагүй” хэмээн орон нутгийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Онега хөлөг хөлдсөн нь живэх гол шалтгаан болсон гэж дүгнэжээ.

Далайчдыг аврах ажиллагаанд таван завь оролцсоныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.

Онега загас агнуурын хөлгийг 1979 онд үйлдвэрлэж байжээ. Ослын үеэр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС