Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн талд урвасан Британийн тагнуул 98 насандаа ОХУ-д таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Жорж Блэйк 1997 онд

Хүйтэн дайны үеэр Их Британийн тагнуулын албанд ажиллаж байхдаа давхар Зөвлөлт Холбоот Улсын талд ажиллаж байсан Жорж Блэйк 98 насандаа таалал төгссөнийг Оросын РИА Новости агентлаг мэдээллээ.

Тэрбээр 1950-аад оны үед зүүн Европт ажиллаж байсан өрнөдийн олон зуун тагнуулыг Зөвлөлтийн талд илчилж өгч байжээ.

Блэйкийн урвалтын улмаас илчлэгдсэн зарим тагнуул цаазлуулсан юм. Британийн тусгай албад Жорж Блэйкийг 1961 онд баривчилж, 42 жилийн хорих ял оноож байжээ. Гэвч тэр 1966 онд Лондон хотын шоронгоос дэмжигчдийнхээ тусламжтай оргож, Зүүн Берлинээр дамжин ЗХУ руу дүрвэсэн юм.

Ингээд тэр ЗХУ буюу өнөөдрийн ОХУ-д үлдсэн бүх насаа өнгөрөөсөн байна.

1991 онд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Блэйк “Коммунизм бол биелэх боломжтой төгс нийгэм. Ийм нийгмийг байгуулахад би хүчин зүтгэж байсан. Хэдийгээр коммунизм байгуулсан жишээ байхгүй ч хүн төрөлхтөн хэзээ нэг цагт ийм нийгэмд амьдарна гэдэгт би итгэдэг” хэмээн ярьж байжээ.

Жорж Блэйк нь 1922 онд Нидерландын Роттердам хотод нидерланд ээж, Британийн иргэний харьяалалтай Египетийн жүүд эцгийн хүү болон мэндэлж байв.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр тэр Нидерландаас дүрвэж, Британийн иргэн болжээ.

Британийн тэнгисийн цэрэгт алба хаасныхаа дараа 1944 оноос Блэйк тус улсын тагнуулын алба болох MI6-д ажиллаж эхэлсэн байна.

Дайны дараа Кэмбрижийн их сургуульд орос хэл сурсан Блэйкийг 1948 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот руу илгээжээ.

Тэрбээр тэнд Умард Солонгос, Хятад, Зөвлөлтийн алс дорнодын нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулах даалгавартай байв.

Гэтэл 1950 онд Солонгосын дайн эхэлж, Умард Солонгосын цэрэг Сөүл хотыг эзлэх үеэр Блэйк баривчлагдаж, шоронд хоригдож байжээ. Энэ үеэрээ тэр коммунист үзэл сурталд итгэх болсон гэдэг.

1953 онд шоронгоос суллагдсаныхаа дараа Британид эргэж ирсэн Блэйкийг 1955 онд Берлинд ажиллуулахаар илгээжээ. Энэ үеэс эхлэн тэр Британи болон АНУ-ын тагнуулын сүлжээний талаар нууц мэдээллийг Москвад дамжуулдаг болсон байна.

Зөвлөлтөд ирээд Георгий Иванович нэртэй болсон Жорж Блэйкийг 2007 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн одон медалиар шагнаж, КГБ-ын ажилтны тэтгэвэрт хамруулж байжээ.

2012 онд 90 насныхаа төрсөн өдөр хэвлэлд ярихдаа Блэйк “Миний амьдралын хамгийн сайхан, амар амгалан цаг үед энд өнгөрлөө. Өнгөрсөн амьдрал маань бүхэлдээ утга учиртай, логиктой байсан тул би огт харамсдаггүй” гэж хэлж байсан юм.

 

Эх сурвалж: BBC