Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"БЗД-ийн эмнэлэгт илэрсэн тохиолдлууд халдварыг гадагш тараагаагүй. Хавьтал болсон 645 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг шинэ голомт гэж үзэх үү. Эх уурхайг нь тогтоосон уу?

-Халдварын эх уурхайн тухайд хүний нэр хэлэхгүй. Халдварын эхний тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан төмөр замын хэсгээс ч улбаатай байх эрсдэлтэй. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй.

Халдварын эх уурхай хаанаас авсныг хэлэх нь хүн хоорондын харилцаанд нөлөөлж, үүнээс болж өвчтөнүүд сэтгэл санаагаар унаж, даралт нь ихсэх тохиолдол гарч байна. Тиймээс голомт бүртгэгдсэн бүс нутгаас өвчлөл гарсан гэдгийг нь л хэлж байгаа.

Түүнээс биш бид халдварын эх уурхайг олж чадахгүй байгаа юм биш. Эх уурхай нь тодорхой хүмүүстэй холбоотой байдаг. Бид үргэлжлүүлэн судалж буй гэдгээ хэлье.

Ямар хүнээс халдвар эхэлж гарсныг би ёс зүйн хувьд хэлэх боломжгүй. Учир нь өвчтөнүүд эргээд бидэнд маш их гомдол гаргахаас гадна тухайн хүнийг ах, дүү төрөл төрөгсөд нь гадуурхах зэрэг олон асуудал гардгийг ойлгохыг хүсье.

инээр илэрсэн 18 тохиолдлын хэд нь эмнэлэгт хэвтэж байсан бэ. Халдвар авсан хүмүүс бүгд дотор нь байсан гэсэн үг үү?

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт 18 тохиолдол нэмж илэрснээр тухайн эмнэлэгт батлагдсан тохиолдол нийтдээ 20 болж байна. Тэдгээр хүнийг эмнэлэг доторх халдвар гэж үзнэ. Учир нь халдвар авсан өвчтөнүүд халдварыг гадагш тараагаагүй.

Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тэр үед нь вирус ялгараагүй, нууц үеийн хугацаандаа байсан тул гадагш тараагаагүй гэсэн үг.

Харин эмнэлэгт хэвтээд 5-6 хоносных нь дараа коронавирус гадагшилж, ойр орчимд байсан хүмүүстээ халдвар тараасан гэж үзнэ.

Шинээр илэрсэн 18 тохиолдол нь эмнэлэг дотор байсан хүмүүс буюу эмнэлгийн гурван ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн байна.

-Бүх хавьтлуудыг нь тусгаарлаж чадсан уу?

-Бид эхний голомтын хүрээгээ тогтоосон. Гэхдээ үргэлжлүүлэн судална. Үлдсэн хүн бүрийн ар гэр, уулзсан, эргэсэн гээд бүх хүмүүсийг судалж байна. 

Одоогоор Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч ажилтан, өвчтөн болон сахиурууд гээд нийт 379 хүнийг тусгаарласан. Түүнээс гадна 266 хүнийг яг ойрын хавьтал гэж үзээд PCR шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Тус эмнэлгийн хавьтал гэж үзсэн нийт 645 хүн бий. Тэдгээр хүн дээр хавьтлууд нэмэгдэх ч боломжтой.  

-Тус эмнэлгээс анх халдвартай нь батлагдсан хоёр хүний нэг нь эмнэлгээс гарсан байхад нь олж авсан гэж өмнө нь хэлж байсан. Тухайн иргэн эмнэлгээс гарсан үед нь халдвар тараагүй гэсэн үг үү?

-Арванхоёрдугаар сарын 15-нд нэг хүн эмнэлгээс гарсан гэж хэлсэн. Тухайн хүн тэр өдрөө хувийн унаагаараа гэртээ очсон байсныг гэр бүлийн таван хүний хамт авчирч тусгаарлан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Эмнэлгээс гарсан өвчтөн тухайн өдөр гадагш гарч, өөр хүнтэй уулзаагүй байсан.

Шинээр илэрсэн тохиолдлууд арванхоёрдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтээд 15-ны шинжилгээгээр коронавирус илэрсэн тул илрэхээс өмнөх 8-9 хоногт уулзсан хүмүүсийг олж тусгаарлана.

Өвчтөнүүд маань хавьтлаа мартаж санах асуудал гарч байгаа тул өргөн хүрээтэй хавьтлыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/146058317013757

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.