Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн эмнэлэгт батлагдсан тохиолдлуудын нэг нь арванхоёрдугаар сарын 15-нд эмнэлгээс гарсан байжээ

Н.Урантулга, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт илэрсэн халдварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвартай нь батлагдсан иргэд БЗД-ийн эмнэлгийн Б корпуст эмчлэгдэж байсан. Б корпуст насанд хүрэгчдийн эмчилгээний хэсэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тасагтаа дөрвүүлээ байсан байна. Батлагдсан тохиолдлуудын нэг нь арванхоёрдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтээд 15-нд гарсан бол нөгөө нь 11-ний өдөр  хэвтээд, тасгаасаа гараагүй. Тухайн иргэн 16-ны өдөр халуурсан учраас шинжилгээ авахад халдвар илэрсэн. Ингээд нэг тасагт байсан буюу 15-нд эмнэлгээс гарсан хүнийг олж шинжилж халдварыг илрүүллээ. Тухайн иргэн гадуур их яваагүй байгаа ч бүх маршрутыг цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран гаргаж байна. Энэ хүмүүсийг хоног хугацаагаар нь хөөгөөд хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байгаа. 

Амьсгалын замын халдвар тийм амар дарагдчихдаггүй. Нэг голомт гарсан бол 2-3 цаашилбал 4 сар хүртэл хугацаагаар үргэлжилдэг. Арваннэгдүгээр сараас халдварын голомтыг цомхотгохоор ажиллаж байгаа үргэлжлүүлээд хоёр сарын асуудал бидэнд байна. Кластер өвчлөлийн дараа алаг цоог байдлаар гарч буй халдварыг хүн амын дунд алдчихгүйн тулд тухай бүрд нь голомтыг хязгаарлах нь эмнэлгийн байгууллага төдийгүй хүн ардын үүрэг юм. 

 "Амбулаторийн үзлэг, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвийн явагдана"

- БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэнтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохицуулж байгаа вэ?

НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа: -Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тусламж үйлчилгээний зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Тухайн эмнэлэг нь зөвхөн хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлдэг л байгууллага. Тиймээс тус дүүргийн амбулаторийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналт, үзлэг оношилгоо Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвийн явагдана гэсэн үг.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламжийг л бид зохицуулж байна. Тус дүүргийн иргэд эмнэлэгт үзүүлэхдээ 100 ортой эмнэлэг дээр нь ажиллаж буй хүлээн авахын тасгаар үйлчлүүлэх боломжтой. 100 ортой эмнэлэгт 20 ортой хүүхдийн тасаг, 80 ортой насанд хүрэгчдийн тасаг ажиллаж байна. Хэрвээ 100 ор дүүрвэл “Энэрэл” эмнэлэг болон АШУҮИС-ийн үндэсний их сургуулийн сургалтын эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн Баянзүрх дүүргийн яаралтай, түргэн тусламж шаардлагатай иргэдэд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг хийсэн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2266129110355119
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.