Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Амьсгалын замын цар тахлын үед хэнээс халдвар авсан эх уурхайг нь тогтоох стандарт байдаггүй. Цааш тархаахгүй байх нь чухал"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Халдварын голомтыг цомхтгоход хавьтлыг олж тогтоохоос өөрөөр Эрүүл мэндийн яам ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Д.Нарангэрэл: -Коронавируст халдварын голомтыг цомхтгохын тулд Эрүүл мэндийн яамнаас тохиолдолд суурилсан тандалт, лабораторид суурилсан болон эмнэлэгт суурилсан гэсэн гурван тандалт хийж буй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан хоёр тохиолдлыг эмнэлэгт суурилсан тандалтаар илрүүлсэн.

Бид эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс, тэр дундаа амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсийг толгой дараалан эмнэлэгт суурилсан тандалтад хамруулах арга хэмжээ авч байна.

-119.mn сайтын ажиллагаа хэвийг явагдаж байгаа юу?

-119.mn сайт хэвийн ажиллаж, шинжилгээний хариунуудыг ямар нэг доголдолгүй гаргаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгч байгаа.

-Гаалийн ажилтан болон БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан хоёр тохиолдол хаанаас халдвар авсныг тогтоосон уу. Халдварын эх уурхайг тогтоох нууц үеийн хугацаа болоогүй гэж өчигдөр мэдээлсэн. Үүнийхээ учрыг тайлбарлаж өгнө үү?

А.Амбасэлмаа: - Агаар дуслын замаар дамждаг халдварт өвчний үед эх уурхайг нь тэрнээс гээд бусад халдвар шиг шууд тогтооход бэрхшээлтэй. Ялангуяа амьсгалын замын халдвар гарсан, цар тахлын үед эх уурхайг тогтоох стандарт ч байдаггүй.

Дээрээс нь энэ цар тахал шинэ өвчин учраас хэнээс хэн халдвар авсан нь тодорхойгүй. Хамгийн гол нь халдвар хаанаас, хэзээ ч гарч болно гэдгийг л иргэд сайн анхаарах учиртай. Мөн халдварын хавьтлуудыг илрүүлж, цааш тархаахгүй байх нь чухал.

Халдварын нууц үеийн хугацааны хувьд, халдвартай хүн халдвар илрэхээс өмнөх 24 цагт болон илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд тараах эрсдэлтэй. Тэр хугацаанд нь л хаанаас халдвар авсныг нь тогтоох үйл ажиллагаа явагддаг юм.

Харин Улаанбаатар хотын хувьд, олон голомт гарсан энэ үед эх уурхай нь хаанаас ч гарч болно. Агаар дуслын замаар дамждаг халдварын үед бид нэг голомтот бүс нутагт амьдарч байгаа тул хүн бүрийг амны хаалт зүүхийг анхааруулж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2266129110355119
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.