Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

А.Хатансайхан: Эрээнд 400 машин ачаа болон гуравдагч улсаас ирсэн чингэлэгтэй бараанууд бөөгнөрөөд байгаа

Г.Номин, iKon.mn
2020 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрээн хотод төвлөрөөд буй ачаа, барааг тээвэрлэж авчрах 400 ачааны автомашин бүртгэх ажлыг АТҮТ-ийн Замын-Үүд салбараас зохион байгуулжээ.

Энэ талаар тус салбарын дарга А.Хатансайхантай холбогдож тодрууллаа.

- Эрээн хотод бөөгнөрсөн ачааны хэмжээний талаар болон хэвийн үетэй харьцуулахад ачаа тээврийн эргэлт хэрхэн өөрчлөгдсөн талаар мэдээлэл өгөөч?

- Замын-Үүд боомтоор хоногт дунджаар 150-200 машин ачаа нэвтэрдэг байсан. Халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор одоогийн байдлаар өдөрт 18-20 машин хил нэвтэрч байна. Эрээн хотод манай 18 жолооч ажиллаж байгаа бөгөөд 400 орчим машин ачаа болон бусад улсаас/Япон, БНСУ гэх мэт/ дамжин ирж буй карго чингэлэгүүд гацаж бөөгнөрөөд байна.

- 400 машин ачааг тээвэрлэхээр ачааны автомашинуудыг бүртгэж байгаа байх нь. Одоогоор хэчнээн машин бүртгүүлээд байна вэ?

- Өчигдөр нэг цагийн хугацаанд бүртгэл явуулахад 2,400 орчим машин бүртгүүлсэн. Тэдгээрээс 400 машиныг мэйл ирсэн дарааллаар сонгосон. Жолооч нар машинаа "0" цэгт хүргээд Эрээнд ажиллаж буй жолооч машиныг нь цааш авч явж ачаа ачуулаад, эргээд "0" цэгт хүргэж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор жолооч нар машинаа өөр хүнд шилжүүлэн бариулахгүй гэх асуудал гарч байсан ч ойлголцолд хүрээд байгаа. Өмнө нь 130 машин бүртгэж ачааг тээвэрлэсэн бөгөөд тэдгээрээс 15 нь ачаа ачуулах ээлжээ хүлээж үлдээд байгаа тул нэмж 400 машин бүртгэж байгаа юм.

- Эрээнд ажиллаж байгаа 18 жолооч дээр 32 жолоочийг нэмж ажиллуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон гэж ойлгож байгаа. 32 жолоочийг хэзээ Эрээн рүү явуулах вэ?

- 32 жолоочийг 14 хоног тусгаарлаж, хоёр удаагийн PCR шинжилгээнд хамруулсан. Өчигдөр 14 хоногийн хугацаа дууссан бөгөөд өнөөдөр жолооч нараа оруулах асуудлаар БНХАУ-ын талтай уулзалт хийхээр ГХЯ болон Элчин сайдын яамныхан ажиллаж байна.

50 жолооч маань ажиллаж эхэлбэл ачаа тээврийн гацалт багасна.

- Жолооч нарын зүгээс зарим машин дараалал дайрах тохиолдол гарч байгаа талаар гомдол хэлж байсан. Энэ тухайд?

- Их хэмжээний ачаа бөөгнөрөөд байгаа энэ үед онцгой комиссын шийдвэрээр эхний ээлжинд эм, эмнэлгийн хэрэгсэл, "Таван толгой түлш" компанийн түүхий эд, хүнс, сав баглаа боодлыг нэвтрүүлж байгаа. Мөн УОК, зарим яамны цохолттой яаралтай нэвтрүүлэх ачааны машиныг түрүүлж оруулж байгаатай холбоотойгоор жолооч нараас гомдол гарсан байх. Энэ асуудлыг тал талдаа ойлголцохоор АТҮТ-ийн салбар жолооч нарын харьяалагддаг хоёр ТББ-тай хамтран ажиллаж, дарааллын асуудал дээр тэдний төлөөлөлд нээлттэй мэдээллийг өгч ажиллаж байна. 

- Зарим хадгалалтын горим шаардахгүй ачаа, барааг вагонд шилжүүлэн ачих талаар БНХАУ-ын талтай тохиролцоонд хүрсэн талаар ЗТХЯ-наас мэдээлсэн. Вагоноор ачаа тээвэрлэж эхэлсэн үү?

- Энэ асуудлаар тохиролцоонд хүрсэн ч өнөөдрийн байдлаар нэг ч вагонд ачаа шилжүүлэн ачаагүй байгаа. Хятадын тал Бээжингээс чиглэл хүлээж байгаа гэх шалтгаанаар энэ ажлыг эхлүүлээгүй байна. Манай талаас ачааны вагон, замын хуваарилалтаа хийчихсэн, хариу хүлээж байгаа.