Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлуудтай ямар ч хамааралгүй хүнээс коронавирус илэрвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл нэмэгдсэн гэж үзнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ШЕЗ-ийн үйлчлэгч эмэгтэйгээс болон автобусны жолоочоос халдвар илэрсэн. Хавьтлын тархалтыг Улаанбаатар хотод барьж чадахгүй байна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултын өглөө.

Тэрбээр "Өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйлчлэгч эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хүн батлагдсан тохиолдлын хоёр дахь хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Тусгаарлах хүмүүсээс шинжилгээ авах явцад тэр ажилладаг газраа хэлсэн юм. Бид одоогоор ойрын болон хоёр дахь хавьтлын хүмүүсийг нь ялгаж шинжилгээ хийж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнуудаас нь шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Одоогоор хоёр дахь хавьтлуудыг гэрийн ажиглалтад байлгаж байгаа бол ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарлах байранд тусгаарлаад буй.

Харин "Автобус-1” баазын жолоочийн хувьд, түүнийг арваннэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд гэрийн хорионд байлгаж байсан. Тэр арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй.

Батлагдсан тохиолдолтой онош батлагдахаас өмнө 24-48 цагийн дотор хамт байсан хүмүүс болон батлагдсанаас хойш 14 хоногийн дотор хамт байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үздэг.

Бид тухайн жолоочийн ойрын хавьтлын хүмүүсийг 3-5 хоногоор, холын хавьтлыг 7 хоногоор авч үзэж буй. Өнөөдөр батлагдсан тохиолдлууд, тэдгээрийн хавьтлуудыг олж ирүүлэх арга хэмжээ хийгдэж байна.

Халдвар судлалын журмаар, хэрвээ ямар ч эх үүсвэргүйгээр иргэдийн дундаас батлагдсан тохиолдол гарвал голомтын цар хүрээг тогтоогоогүй гэж үздэг. Тиймээс өдөр бүр 12-16 мянган хүнд тандалтаар шинжилгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдлуудтай ямар ч хамааралгүй хэрнээ халдвар авсан хүн гарч ирвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл нэмэгдсэн гэсэн үг.

Бид голомтын хүрээндээ хариу арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Төрийн байгууллага чадлынхаа хэрээр, аль болох өргөн хүрээгээр хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Энэ бол агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин учраас хэн ч хэзээ ч өвдөж болно. Хавьтлуудаа ч хэлэхгүй тохиолдол гарч байгаа нь дэлхий дахинд ч байдаг асуудал.

Агаар дуслын замаар дамждаг вирусийн гаралтай халдварын тандалтын хугацаа 2-3 сар үргэлжилдэг. Энэ хугацаанд иргэдийн дунд тархаахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлдэг" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.