Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн халдвар авсан иргэний хүүхдүүдийг СӨХ болон байрны оршин суугчид гэрт нь оруулаагүй тул түр хамгаалах байранд аваачжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүн О.Сэлэнгэ​ оролцож мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Баянзүрх дүүрэгт ээж нь коронавирусийн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарлаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагаас мэргэжлийн анги гарч ажилласан.

Ингээд тухайн хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, аваачаад байна.

Тухайн хүүхдүүдийг тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл байрны СӨХ болон иргэд гэрт нь оруулахгүй байсан юм байна.

Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой мэдээллийг ч 108 утсаар бид хүлээж авч, ажиллаж байна. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлого үйл ажиллагаа ч өөрчлөгдөж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа" гэсэн юм.

Харин хүүхдүүдийн ээж хүүхдүүдийг түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авсанд талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Цар тахлын энэ үед хоёр хүүхдэд маань тусламж үзүүлсэн ГБХЗХГ-т баярлалаа гэж хэлмээр байна. Би хүүхэдтэйгээ түрүүн утсаар ярьсан, хүү маань тоглоод тухтай байна лээ” хэмээн хэлж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД:

Үйл ажиллагаанд баримтлах зарчим

5.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

5.1.1.хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх;

5.1.2.шуурхай, ил тод, хариуцлагатай байх;

5.1.3.олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;

5.1.4.нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;

5.1.5.ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;

5.1.6.байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах.