Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас Сэлэнгэд 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын улмаас хүүхэд хамгаалалд эрсдэл үүсэж байгаа тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийн гишүүн О.Сэлэнгэ хэллээ.

Тэрбээр "Цар тахлын улмаас өнөөдөр хүүхэд хамгаалалд эрсдэлт нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт мэргэжлийн анги байгуулан ажиллаж байна.

Ганцхан жишээ хэлэхэд, Сэлэнгэ аймагт гэхэд нийтдээ 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тэдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч сонгох, хажуу айл, хөршөөр нь дамжуулж хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авч байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас хүүхэд гэртээ ганцаараа байх болон хүүхэд эрсдэлт нөхцөлд өртсөн тухай дуудлага сүүлийн үед нэмэгдсэн. Харин хүүхэд хамгааллын тухай дуудлагууд нь багасжээ.

Бид хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан сэтгэл зүйн зөвлөгөөг 24 цагийн турш өгч, дуудлага хүлээж авч байгаа. 

Улсын хэмжээнд байдаг 35 түр хамгаалах байр нь 250 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар 32 түр хамгаалах байр ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/754232031871063