Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-ийг голомт гэж үзэх боловч нийтэд аюулгүй. Учир нь тусгаарлагдсан орчин"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар сэтгүүлчид цахимаар холбогдон Улаанбаатар хотод гарсан голомтот халдварын талаар тодрууллаа.

-Дарханд халдвар гарахад өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулж байсан. Улаанбаатар хотод өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, тархалтыг хумих боломж бий юу? 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: -Дарханд нэг айлаас нэг хүн хөтөлбөр хэрэгжсэн нь илрүүлэх ажилд ихээхэн нэмэр болсон. Гэхдээ Улаанбаатар хотод ингэхгүй. Хавьтал хөөнө. Илрүүлсэн өвчтөнийхөө нэгдүгээр болон дам хавьтлыг илрүүлж ажиллах нь оновчтой. Нийслэлд харьцангуй цөөн тохиолдол илэрч байгааг та бүхэн мэдээллээс ажиглаж байгаа байх.

Сэлэнгэд хавьтлуудаас олон хүн илэрч байна. Гэхдээ олон хүн илэрч байгаа нь сонин биш. Голомт тусдаа өөр газар нэмэгдэхгүй байгаа нь чухал. Голомт дотроо илэрч байвал хавьтлаа онож шинжилж байна гэсэн үг. Иймд Сэлэнгэд нэмэгдэж байгаад санаа зовохгүй байна. 

Нэг хүнээс гаралтай салбарлан халдвар авч байгаа зураглалыг бид мод гэж нэрлэдэг. Түүнийг нарийн хөөж, алдаа гаргалгүйгээр хүмүүсээ шинжилгээ оруулж хянах нь чухал. 

-Улаанбаатар хотод гарсан халдварын голомтыг хяналтдаа авсан гэж үзэх үү. Тухайн голомтын хавьтал 1,000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан гэж мэдээлж байсан?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: -Халдварыг гарсан тухай бүрд 24-48 цагт ойрын хавьтлыг илрүүлэхийг хичээж, ихэнхдээ илрүүлэн ажиллаж байна. Зарим тохиолдолд өвчилсөн хүмүүс ойрын хавьтлаа мартаж, санах, хэлэхгүй байх гэх зэргээс хамаарч тоо хойш хойшдоо нэмэгддэг.

Өнөөдөр 100 байсан бол цаашид ч тийм байна гэж ойлгож болохгүй. Хүмүүс маань юмаа гэнэт санадаг, мөн түрүүн дурдагдсанчлан салбарласан голомт бас явж байдаг. 

Эхний тохиолдлыг бүрэн хяналтдаа авсан. Түүнээс салбарласан 8, 9 байршилд байгаа голомт дээр ажиллан, тандалт хийснээр 1,000 гаруй хүнийг олсон. Үүнээс 200 гаруй нь эхний хяналтаас ажиглалт руу шилжсэн.

Түүнчлэн Улаанбаатар хотод 150 мянга гаруй хүнд илрүүлэг хийгээд байна. Түргэвчилсэн тест авах цэгүүд ажиллаж байна, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ч илрүүлэг хийж байгаа.

-ХӨСҮТ-ийг өвчний голомт гэж үзэх үү. Ойр орчимд нь орон сууцны томоохон хорооллуудтай, хөл хөдөлгөөн ихтэй газар тул халдвар хамгааллын тухай мэдээлэл өгнө үү?

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: -Эмч ажилчид халдвар авч, зарим нь эмчлэгдэж, дараагийн шатны ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-ийг голомт гэж үзэх боловч нийтэд аюулгүй. Учир нь тусгаарлагдсан орчин. ХӨСҮТ-ийг цагдаагийн хамгаалалтад авсан, хатуу хамгаалалттай. 

ВИДЕО:
https://fb.watch/21tEMK9ujk/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.