Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай баримтат кино Японы телевизүүдийн холбооны шагнал хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
О.Хонгорзул ахмад дайчин Масао Томохирогийн хамт МУИС-ийн гадаа

Нагояа хотын Чүкио телевизэд ажилладаг монгол сэтгүүлчийн найруулсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн хоригдлуудын тухай баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ.

Киног найруулсан О.Хонгорзул буюу Зора нь Токиод их сургууль төгссөнийхөө дараа Чүкио телевизэд сэтгүүлчээр ажиллаж, 2011 оноос эхлэн Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай баримт материал цуглуулж, түүхэн хүмүүстэй уулзаж ярилцлага хийсэн юм байна.

Өмнө нь түүний төгссөн Монгол Улсын Их Сургуулийн барилгыг япон хоригдол цэргүүд барьсан тухай анх олж мэдээд баримтат кино хийх санаагаа олжээ. Судалгааны явцад дайны дараа 12,000 орчим япон цэрэг Монголд хоригдож байснаас 1,600 орчим нь хүнд хэцүү хөдөлмөр, хатуу ширүүн цаг уурт дасаж чадалгүй амиа алдсаныг олж мэдсэн байна.

Баримтат киноны нэрийг орчуулбал “Баяртай: Монголд хоригдож байснаас хойш 72 жилийн дараах үдэлт” гэсэн утгатай.

Кинонд Кобе хотын оршин суугч, 95 настай ахмад дайчин Масао Томохирог оролцуулжээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Манжуурт алба хааж байгаад Зөвлөлтийн цэргүүдэд олзлогдож, дараа нь Монгол улсад хүргэгдсэн хүн юм. Томохиро нь Монголд хоригдож байхдаа өвлийн хүйтэнд хоёр хөлөө хөлдөөсний улмаас тайруулж байжээ.

Хиймэл хөлтэй тэрбээр эх орондоо буцсанаасаа хойш 40 гаруй удаа Монголд ирж, хамт хоригдож байгаад амиа алдсан япон цэргүүдийн шарилд хүндэтгэл үзүүлдэг болсон байна. Нас өндөр болсон шалтгаанаар 2011 оноос хойш Монголд очиж чадаагүй Томохиро гуай 2019 онд сүүлчийн удаа явахад Зора дагалдаж, баримтат киноныхоо зургийг авжээ.

Зорагийн баримтат кино 2019 оны арванхоёрдугаар сард анх Японд цацагдсан байна. Дараа нь тэр Монголд ирж, япон цэргүүдийн харгалзагчаар ажиллаж байсан 96 настай ахмад дайчныг олж уулзжээ. Үүний дараа шинэ материалаар бүтээлээ баяжуулж, энэ оны тавдугаар сард дахин цацсан нь ийнхүү шагналын болзол хангасан байна.

Шагнал авсныхаа дараа О.Хонгорзул бүтээлээ Монголын телевизээр үзүүлэх төлөвлөгөөтэй буйгаа, мөн Монгол Улсын Их Сургуулийн хананд “Энэ сургуулийг Япон хүмүүс босгосон юм” гэсэн бичигтэй самбар байрлуулах хүсэлтэйгээ ярьжээ.

 

Эх сурвалж: Asahi