Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дахин дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn /2020.11.06/

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр 23:00 цагийн орчимд коронавирусийн халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр тус аймагт ажиллаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр сэжигтэй дөрвөн тохиолдол гарсныг мэдээлэв.

Тэрбээр "Дархан хотын хэмжээнд хийсэн 10 мянга гаруй түргэвчилсэн оношилгооны үр дүнд өнөөдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсоноор ХӨСҮТ рүү шилжүүлэх ажлыг хийж байна. 

Түүнчлэн Дархан-Уул аймагт дахь төмөр замын 1,088 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил энэ цаг мөчид үргэлжилж байна. Үүнээс 21:30 цагийн байдлаар 878 хүнийг шинжилгээнд хамруулснаас дөрвөн хүн сул эерэг буюу сэжигтэй тохиолдол гэж гарсан байна. Эдгээр хүнийг тусгаарлалтад авсан.

Эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хариу арга хэмжээний баг төмөр замын ажилчид албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн болон хамтран ажилладаг байгууллагынхан, төмөр замын ажилчдын оршин суудаг хороо, орон сууц, түүнд ойр амьдардаг хүмүүсийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Дархан хотод хийсэн 10 мянга гаруй шинжилгээний үр дүнд коронавирусийн халдвар нь төмөр зам, төмөр замын систем дагаж зөөвөрлөгдөн орж ирсэн нь тодорхой болсон" гэв.

"Эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдсэн тул зэргэлдээх аймгуудаас мэргэжлийн анги, бүлгүүдийг татан оролцуулах хүсэлтийг УОК-т өгсөн"

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, аймгийн Онцгой комисс шуурхай хуралдааныг тогтмол зохион байгуулж, холбогдох үүрэг даалгаварыг мэргэжлийн ангиудад өгч ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллага, эмч, албан хаагчдын ачаалал ихээхэн нэмэгдсэн. Тиймээс УОК-т хүсэлт тавьж, байдал харьцангуй тогтвортой байгаа зэргэлдээх аймгуудаас мэргэжлийн анги бүлгүүдийг татан оролцуулах талд анхаарлаа хандуулахыг хүссэн.

Өнгөрсөн хугацаанд өссөн дүнгээр 14 мянга орчим иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан. Үүнээс эерэг сул буюу сэжигтэй тохиолдлуудыг дараагийн шатны PCR шинжилгээнд оруулж байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан дөрөв, ХӨСҮТ-д эмчлүүлж буй дөрөв болон PCR шинжилгээнд орж буй сэжигтэй дөрөв буюу нийт 12 тохиолдол байна. Үүний 10 нь төмөр замтай холбоотой.

Өмнө нь авсан 10 мянга гаруй хүний шинжилгээгээр нэг сэжигтэй тохиолдол гарч батлагдаж байсан. Тэгэхээр хотын ерөнхий түлш, эрчим хүчний байгууллага, худалдаа үйлчилгээний төв зэрэг иргэдтэй харилцдаг хэсгүүд үүнд өртөөгүй байсан нь ажиглагдаж байна. Иймд төмөр замын хэсгийг яаралтай блоклож, шинжилгээнд хамруулж байна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/100024765766334/videos/825293144972870/