Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатар хотод батлагдсан 10 тохиолдлын хоёр дахь хавьтал болох 5,660 хүний 3,397-д нь коронавирус илрээгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Одоогоор Улаанбаатар хотод батлагдсан 10 хүний ойрын хавьтлын 445 хүнийг илрүүлсэн"

-Өнөөдөр шинээр батлагдсан гурван тохиолдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

А.Амбасэлмаа: -Сүүлийн батлагдсан хоёр тохиолдол нь Алтанбулаг боомтоор өчигдөр орж ирсэн ТИР машины жолооч нар. Нэг нь ОХУ-ын иргэн байсан учраас буцсан. Нэг нь ХӨСҮТ-д хүргэгдэж ирээд эмчлэгдэж байгаа.

Харин Улаанбаатар хотод шинээр батлагдсан нэг тохиолдлын хувьд, нийслэлд бүртгэгдээд байгаа багц өвчлөлийн анхны тохиолдлын ах нь.

Бид ойрын бүх хавьтлын ХӨСҮТ-д тусгаарласан байсан. Тухайн айлын гурван хүн өвдсөн. Хамгийн сүүлд батлагдсан энэ тохиолдлын хувьд гурав дахь давтан шинжилгээнээс нь коронавирус илрээд байна

-Улаанбаатар хотод хэчнээн хүн халдвар аваад байгаа вэ. Тэдгээрийн ойрын хавьтал хэчнээн хүн байгаа бол?

А.Амбасэлмаа: -Бид одоогийн байдлаар Улаанбаатар хотын батлагдсан 10 тохиолдлын ойрын хавьтлын 445 хүнийг илрүүлээд байна. Үүнээс 36 хүнээс бусдад нь анхны шинжилгээг хийсэн. Одоо 36 хүний сорьцод хийх шинжилгээ үргэлжилж байна.

Мөн 445 хүний 102-т нь хоёр удаа давтан шинжилгээ хийсэн бол 45 хүнд гурван удаагийн давтан шинжилгээ хийсэн.

Одоогоор дээрх 10 тохиолдлын хоёр дахь хавьтал одоогоор 5,660 хүн байна. Үүнээс 3,397-д нь шинжилгээ хийхэд одоогоор коронавирус илрээгүй. Шинжилгээ тандалт судалгаа үргэлжилж байна.

"Сэлэнгэ аймагт сүүлд батлагдсан тохиолдол нь 74 настай хүний ойрын хавьтал байсан" 

-Сэлэнгэ аймагт хэдэн голомт гарсан гэж үзэх вэ. Тус аймагт сүүлд батлагдсан тохиолдол өмнөх тохиолдолтой хамааралтай байсан уу?

Д.Нарангэрэл: -Сэлэнгэ аймагт өчигдөр халдвар авсан нь батлагдсан 11 настай хүүхэд бол 74 настай хүний ойрын хавьтал юм.

Тиймээс Сэлэнгэ аймагт коронавируст халдвар нэг кластер өвчлөл гарсан гэж ойлгох нь зөв.

-Түргэвчилсэн тестийн хувьд хэдэн хувийн магадлалтай вэ?

Д.Нарангэрэл: -Лабораторийн шинжилгээг бид дөрвөн аргаар хийж байгаа.

Хамгийн эхлээд түргэвчилсэн тестээр хийнэ. Ингэхдээ цуснаас, хамар залгиураас сорьц авах гэсэн хоёр төрлийн аргаар шинжилж байгаа юм.

Өмнө нь цуснаас авч байсан сорьцыг түргэвчилсэн тестээр оношлох нь 70 хувийн магадлалтай байсан. Харин сүүлийн үед хамар, залгиурын сорьцоос авч байгаа тест 90-95 хувийн магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс заавал түргэвчилсэн тестийн эерэг хариуг PCR-ын шинжилгээгээр баталгаажуулж буй юм.

Одоогоор бид 100,000 оношлуур авч аймгуудад тараасан. Үүнд зарцуулсан хөрөнгийг Эрүүл мэндийн яамны шилэн данснаас харж болно.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/904614583406439

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.