Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж буй ХӨСҮТ-ийн эмч, ажилчдадаа талархъя

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн цар тахал дэлхий дахинд тархаад 11 дэх сартайгаа золгож байна.

Монгол Улсын хувьд COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарын турш хамгаалж чадсан бөгөөд ДЭМБ манай улсын эрүүл мэндийн салбарт болон цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг үлгэр жишээ болгон эш татаж байв.

Гэвч 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс коронавирусийн халдвар Монголд голомтлон халдварлаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн нийт халдварын батлагдсан тохиолдол 416 болсны 17 нь дотоодын халдварт тооцогдож байгаа бол үлдсэн 399 нь гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн юм. Дотоодын халдварын долоо нь ХӨСҮТ-ийн эмчилгээний багийн эмч, сувилагч, асрагч байгаа билээ.

График 1. Нийт батлагдсан тохиолдолд эзэлж буй дотоодын халдвар

Нийт батлагдсан тохиолдлын 328 буюу 79 хувийг нь ХӨСҮТ-ийн эмч нар эрүүл саруул болгон гаргажээ. Өнөөдөр л гэхэд 11 хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт хяналт руу шилжсэн сайхан мэдээтэй байна. Ийнхүү ХӨСҮТ-ийн эмчилгээнд 83 хүн үлдэв. 

Монгол Улсын хэмжээнд гурван газарт коронавирусийн халдвар голомтлон тархсан бөгөөд 450 гаруй эмч, мэргэжилтэн иргэдээ эмчилж, эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа.

"ХӨСҮТ-ийн эмчилгээний нэг баг 14 хоног ажилласны дараа үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдаж буюу бүтэн сарын дараа гэртээ харих боломжтой болдог. Халдвар авсан эмчилгээний багийнхан залуухан хүмүүс бий. Иргэд маань тэдэнд хандаж урмын сайхан үгс хэлж байгаа нь эмчилгээний чанарт сайнаар нөлөөлж байгаа. Эмчилгээний үеийн сэтгэл санааны байдал эдгэрэлтэд чухал нөлөөтэй" хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлсэн удаатай.

Дэлхий даяар 52.4 сая хүнд халдварлаж, 1.2 сая хүний амийг аваад буй аюулт цар тахлаас иргэдээ хамгаалж, олон зуун хүнийг эдгээж буй эмч нартаа талархах нь иргэд бидний хүн ёсны хэрэг. Ялангуяа, бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж, өнөөдөр халдвар авчихаад буй эмч, сувилагч, асрагч нартаа хурдан эдгэж, дахин олон хүн эмчлэхийг иргэдийнхээ өмнөөс хүсье.

График 2. Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол