Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу хөл хорионы дэглэмийн үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хоёр дахин буурчээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа эдгээр өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо бараг хоёр дахин буурчээ.

Цагдаагийн 102 дугаарт ирсэн хоногийн нөхцөл байдлын мэдээнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг түүж харвал өдөрт дунджаар 100-130 энэ төрлийн дуудлага бүртгэгддэг байна. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний амралтын хоёр өдөрт 196,
  • Арваннэгдүгээр сарын 2-нд 118,
  • Арваннэгдүгээр сарын 3-нд 115,
  • Арваннэгдүгээр сарын 4-нд 110,
  • Арваннэгдүгээр сарын 5-нд 124,
  • Арваннэгдүгээр сарын 6-нд 135,
  • Арваннэгдүгээр сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд 258,
  • Арваннэгдүгээр сарын 9-нд 122,
  • Арваннэгдүгээр сарын 10-нд 107,
  • Арваннэгдүгээр сарын 11-нд 112 дуудлага тус тус иржээ.

Харин хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш буюу арваннэгдүгээр сарын 12-нд 50, 13-нд 49 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн хоногт дунджаар 200 орчим иргэнийг эрүүлжүүлдэг байсан бол 12, 13-ны өдөр огцом буурч 40-70 иргэнийг эрүүлжүүлжээ.

Зөвлөгөө, мэдээлэл авсан хүний тоог өмнөх сарын тухайн өдрүүдтэй харьцуулахад 3.7 хувиар өссөн байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байранд "Ковид-19" цар тахалтай холбогдуулан хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон хоёр гэр бүлийн дөрвөн хүнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.

Тус байр нь нийт найман өрөөтэй, 30 хүн хүлээн авах хүчин чадалтайгаа үйл ажиллагаа явуулдаг.  Өнөөдрийн байдлаар дөрвөн иргэн байрлаж байгаа аж.

Харин гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө мэдээлэл өгөх зориулалт бүхий 107 тусгай дугаарын утсаар дээрх өдрүүдэд нийт 80 хүн хандаж зөвлөгөө, мэдээлэл авснаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй долоон дуудлага мэдээллийг 102 тусгай дугаарын утсанд дамжуулжээ. Зөвлөгөө, мэдээлэл авсан хүний тоог өмнөх сарын тухайн өдрүүдтэй харьцуулахад 3.7 хувиар өссөн байна.