Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс ямар нэг хяналтгүйгээр, тэр тусмаа шөнийн цагаар гаднаас ажиллах хүч оруулаагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Алтанбулаг боомтын ачаа, тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх арга хэмжээ ирэх долоо хоногт тодорхой болно гэдгийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэв.

"Алтанбулаг боомтын ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх арга хэмжээ ирэх долоо хоногт тодорхой болно"

Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт дээр нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн онцгой комисс сүүлийн хоногуудад өдөр бүр хуралдаж тодорхой шийдвэр гаргаж байна. Одоогоор манай улсын хамгийн эрсдэлтэй цэг хойд бүс нутаг болоод байна. 

Тодруулбал, ОХУ-ын Монгол Улстай хиллэж байгаа хилийн боомтууд, хилийн ойролцоох тосгонуудад өвчлөл, нас баралт огцом нэмэгдсэн. Тиймээс бид хойд хил дээрх хяналт шалгалтаа сайжруулах, халдвар хамгааллын бэлэн байдлыг хангах шаардлага үүссэн. Одоогоор УОК-ын гишүүн хоёр сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаж байгаа. Тэнд ямар нэг тодорхой шийдвэр гаргах зайлшгүй шаардлага тулгарч байна. Сэлэнгэ аймагт хоёр боомт бий. Нэг нь Сүхбаатар буюу төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Харин Алтанбулагийн боомтоор орж ирж буй ачаа тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх гэж байгаатай холбогдуулж зохион байгуулалтын арга хэмжээг авахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт тодорхой шийдвэрүүдийг гаргана.

Өнөөдрийн байдлаар Алтанбулагийн боомтоор Монгол Улсын нийт импортын бүтээгдэхүүний 9.2 хувь нь орж ирдэг. Өргөн хэрэглээний барааны гол нэрийн бүтээгдэхүүн уг боомтоор харьцангуй бага орж ирдэг юм. Тиймээс бид Алтанбулаг боомт дээр аль болох хүндрэл багатайгаар, эрсдэлийг бууруулах чиглэлийн арга хэмжээ авах бодолтой байна.

Сүүлийн өдрүүдэд ачаа тээврийн жолооч нараас өдөр бүр тохиолдол илэрч, эрсдэлт нөхцөл өндөрсөж байгаа тул тийр машины жолооч нарыг Алтанбулагийн боомт буюу Сэлэнгийн бүсээс нааш явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Боомтууд дээр явагдаж байгаа үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд илүү чангатгах үүрэг даалгавар өгөгдөж байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд ер нь нөхцөл байдал амаргүй байна" хэмээн ярилаа.

"Засгийн газар өчигдрөөс он дуустал БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон"

Үргэлжлүүлэн "БНХАУ-аас орж ирж байгаа ажиллах хүчинтэй холбоотой худал мэдээлэл явж байна. Монгол Улс ажиллах хүчин оруулж ирдэг тусгай хуультай, түүнийг хянадаг байгууллагатай.

Монгол Улсад гаднаас ажиллах хүч оруулж ирэх асуудал төрийн бүрэн хяналтад байгаа. Ямар нэгэн хяналтгүйгээр, хэн нэгэн хүнийг тэр тусмаа шөнийн цагаар оруулаагүй.

Мөн энэ жил маш бага хэмжээгээр буюу зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг гаднаас оруулж ирж байгаа. Ийм шаардлага нь ч Монгол Улсын нийгэм, эдийн засагт байгаа.

Бид долдугаар сар хүртэл ажиллах хүчийг оруулж ирэхийг хориглосонтой холбоотой бүтээн байгуулалтын маш олон ажил зогссон.

Одоо бид Налайх, Дарханы замаас эхлээд цэвэрлэх байгууламж, хэд хэдэн эмнэлэгийн барилгыг бүрэн дуусгах хэрэгтэй байна. Энэ бүхэн дээр гадны ажиллах хүчин оруулж ирэх шаардлага гарч байна. Тэднийг оруулж ирж байж технологийн нарийн зүгшрүүлэлт хийх шаардлагатай. Олон улсын тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнууд нь орж ирж байж, техник хэрэгслүүдээ хөдөлгөдөг.

Гадны ажиллах хүчийг маш хатуу хяналт доор, цөөн тоогоор, хоёр улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд, хууль хүчний байгууллагын хяналт доор ажиллуулж байгаа.

Засгийн газар өчигдөр он дуустал БНХАУ-аас орж ирэх ажиллах хүчний хөдөлгөөнийг зогсоосон. Гэтэл өчигдөр шөнө оруулж ирж байгаа мэтээр,өмнө нь орж ирсэн хүмүүсийг халдвар хамгааллын дэглэм сахиулаагүй мэтээр улс төржсөн агуулгаар мэдээлэл хийж байна.

Иргэдийг төөрөгдүүлж, улстөрийн зорилгоор хандаж буй уг асуудалд хуулийн байгууллагаас арга хэмжээ авна. Энэ асуудалтай холбоотой худал мэдээллийг зохион байгуулалттайгаар цөөн тооны хүмүүс олон нийтийн сүлжээнд дэвэргэж байна " гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2436941519948441