Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Манайхан зан авир, хариуцлагагүй байдлаасаа болоод хөдөлмөрийн квотоо бүрэн ашиглаж чаддаггүй"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний эрх зүйн орчны шинэчлэл" гурван талт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, гадаадаас ажиллах хүч авч, мөн ажиллах хүч гаргаж байгаа ажил олгогчид оролцлоо. 

2001 онд батлагдсан Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай нэртэй хуулийг шинэчлэн найруулж Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болгон өөрчилж, 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг намрын чуулганд хэлэлцүүлэхээр төлөвлөсөн учраас ийнхүү тал талын төлөөллийг байлцуулан санал, хүсэлтийг нь сонсож байгаа аж.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Нэг талдаа маш олон ажилгүй залуус, нөгөө талд олон ажлын байр байгаа нь манай улсын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дэлхий нийтэд 10 хүүхдийн 7-8 нь мэргэжилтэй, ур чадвартай ажилтан болдог бол үлдсэн 2-3 нь их, дээд сургууль суралцаж цагаан захтан болдог. Манайд эсрэгээрээ 7-8 нь их, дээд сургууль суралцаж тэр дундаа дийлэнх нь нийгмийн чиглэлээр суралцдаг. Инженер, зам барилга дээр шаардлагатай мэргэжилтэн байдаггүй. Дэлгүүр, зочид буудалд ч гэсэн угтагч, тогооч нь мэргэжлийн хүн байх ёстой. Гэтэл манайд дээд боловсролын дипломтой ч ажил олдохгүй байгаа учраас дэлгүүр худалдагч хийж байна. Өөрөө өөртөө сэтгэл гундуу, амьдралдаа сэтгэл гонсгор хүмүүсээр дүүрсэн байдаг учраас үйлчилгээ үзүүлж байна шүү гэдэг мэргэжлийн хандлага дутуу байна. 

Маш олон залуу ажилгүй байхад яагаад гаднаас ажилчин аваад байдаг юм бэ гэдэг нийгмийн шүүмжлэл бий. Гэтэл монголчуудаа ажиллуулахаар цалингаа авангуутаа алга болчихдог, үгүй бол барилгын инженерээ нийлж байгаад зодчихдог. Энэ бүхэн ажил олгогчдод тулгамдаж байгаа асуудал. 

Тэгвэл үүнийг засахын тулд хэнээс, хэдэн наснаас нь эхлэх вэ. Үүнийг шийдэхийн тулд оролцогч талуудыг бүгдийг нь оролцуулан хэлэлцээд, сайн бодлогыг нэг удаа оруулъя гэж байгаа юм. 

Хөдөлмөрийн зах зээлийн статистикаас харвал, Монгол Улс 3.3 сая хүн амтай, 1.3  сая нь хөдөлмөр эрхлэх боломжтой. 2020 оны эхний хагас жилд ажилгүйдлийн түвшин 6.6 хувиар буурсан байна. Гэхдээ ажилгүйдлийн түвшин тогтоох аргачиллыг 2019 онд шинэчилсэн. Энэ аргачиллаар өнөөдрийн байдлаар 86.6 мянган иргэн хөдөлмөр эрхлэх боломжтой ч ажилгүй байна гэдэг тоон мэдээлэл байна. 

2018 онд 64,478 ажлын байр зарлагдсан бол 43 мянган хүн зуучлагдаж, цаана нь 20 мянган ажлын байр үлдсэн байна. Харин 2019 онд 71 мянган ажлын байр зарлагдаад 44 мянган хүн хүн ажилд зуучлагдсан. Энэ оны эхний есөн сарын байдлаар 42 мянган ажлын байр зарлагдсанаас 21 мянган хүн ажилд зуучлагдсан байна.

Байнгын ажлын байрны илүүдэлтэй хэр нь нөгөө талд ажилгүй иргэн олон байгаад байна. Тэгэхээр өнөөдөр халамжаар амьдраад болоод байгаа учраас хөдөлмөр эрхлэх эрмэлзэл иргэдэд байхгүй болчихсон байна

Халамжийн бодлогоо яаж хөдөлмөрийн бодлого болгох вэ. Ингэхийн тулд цогц бодлого хэрэгтэй. Ганц Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам биш Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг бусад яамтай хамт шийдэх шаардлагатай байна. 

Засгийн газрын зүгээс гадаадаас авах ажилчдын тоог жил бүр бууруулдаг. 2012-2016 онд 20 мянган гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол 2016-2020 онд 10 мянга гаруй ажиллах хүч ирсэн. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр гадаад ажилчин 840 мянган төгрөг төвлөрүүлдэг. Тэр сан нь эргээд хөдөлмөрийн зах зээлээ тэтгэдэг. Яг одоогоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас МСҮТ-д анх удаа суралцаж байгаа 45 хүртэл насны хүмүүст сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. 

Гадаадад ажиллах хүчний тухайд БНСУ-ын талаас манайд “Бид танайд квот өгдөг. Гэтэл танайх квотоо бүрэн хэмжээнд ашигладаггүй” гэдэг. Солонгос руу явж ажиллах хүсэлтэй иргэд олон байхад яагаад квотдоо хүрэхгүй байна вэ. Яагаад гэвэл солонгос ажил олгогч манайхны зан авираас болоод монголчуудыг сонгодоггүй юм байна. Очоод хоорондоо муудалцдаг, хариуцлагагүй байдаг. Тиймээс гадаадад ажиллах хүчний бодлого дээр зохицуулалт шаардлагатай байна. Япон руу ур чадварын дадлагжигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 84 байгууллага байна. Энэ 84 байгууллага нь хоорондоо өрсөлдөөд байна. Нэг байгууллагаар явсан бол тэндээ тогтвор суурьшилтай ажиллах ёстой. Гэтэл тэндээсээ гараад өөр байгууллага руу дамжаад явдаг. Бас л хариуцлагын асуудал. 

Үүнээс харахад ажиллах хүч авах болон гаргахад хувь хүний нөлөөлөл орох бололцоотой газар болгон ямар нэгэн асуудал гараад байна. Тийм болохоор авлигагүй, нээлттэй байхын тулд цахим үйлчилгээг нэвтрүүлэх ёстой юм байна. Цахим үйлчилгээний эхний алхмуудыг хэрэгжүүлээд явж байна. 

Ажил олгогч эздийн холбоон тэргүүн Г.Ганбаатар: Гадаадаас ажиллах хүч авах тухай гэдэг хуулийн шинэчлэн найруулж оруулж ирж байгаад талархаж байна. 

Нэгдүгээрт, гадны жишгээс харахад гадаадаас авах ажиллах хүчний тухайд ажил олгогчийн захиалга, эрэлт дээр үндэслэж байгаа. Засгийн газар квот тогтоохгүй. Гэтэл энэ хуулийн төсөлд Засгийн газрын оролцоо нэлээн өндөр байна. Квотыг нь тогтоох зэргээр. Уг нь энэ бол цэвэр ажил олгогчийн эрэлт дээр суурилах ёстой юм. 

Энийг хэлэхээр Засгийн газар талынхан эргэлзээд байдаг. “Та нар хэрэгтэй хэрэггүй баахан хужаа оруулж ирэх гэлээ” гэдэг ч юм уу. Гэтэл одоо ажил олгогчийн хариуцлага асар өндөр болсон. Ажлын байрны төлбөрийг 840 мянган төгрөг болгосноос хойш гадны ажилчныг нэг ч хоног илүү ажиллуулах сонирхолгүй болгосон. Авчирсан хүнээ гэрээгээр ажиллуулаад дуусангуут нь буцааж байгаа. Тиймээс ажил олгогчийн эрэлтэд тохирсон, Монгол Улсад дутагдаж байгаа мэргэжилтэй ажилтныг гаднаас авах боломжийн энэ хуулиар нээж өгвөл үр өгөөжтэй болох юм.  

Хоёрдугаарт,  мэдээллийн сүлжээ бий болгоход, ямар компани хэдэн ажилчин оруулж, гаргасан гэдэг мэдээллээ ил болгохгүй бол нэг сайдын эхнэр, дүү хүн явуулах гээд мөнгө залилсан гэдэг хэл ам тасардаггүй. Мэдээлэл ил биш учраас ийм асуудал гараад байна. 

Гуравдугаарт, төлбөрийг жишигтэй болгоё. Жишээ нь, АНУ, Солонгос руу явуулах төлбөрийг нэг тогтсон жишигтэй болгохгүй бол асуудал гардаг.