Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

 
зургийг ulaanbaatar.mn

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн тэргүүний өрхөөр шалгарсан та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье. Монгол ахуй, соёл, уламжлал гээд олон зүйлийг агуулсан эрхэм нандин зүйл бол хүний гэр бүл байдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, цаашлаад түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн. Ингээд ажил бүтээл, хөдөлмөрөөрөө хойч үедээ үлгэр жишээ үзүүлж шалгарсан тэргүүний өрх, гэр бүлүүддээ дахин баяр хүргэе” хэмээлээ.

Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, иргэний үүргээ үлгэр жишээч ухамсартай биелүүлдэг, элдэв зөрчилгүй өрх, гэр бүлүүд аж.

 
зургийг ulaanbaatar.mn

Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн, цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэн хороо дүүрэг, нийслэлдээ туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан, нийслэлээс баримталж буй бодлого чиглэлийн дагуу өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

 
зургийг ulaanbaatar.mn

1995 оноос хойш 25 дахь жилдээ зохион байгуулж, нийт 170 өрх шалгараад байна.

2020 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар гардуулж өгөв.

Нийслэлийн 2020 оны Тэргүүний есөн өрх:

  1. Дагвадорж овогтой Аюур- Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо
  2. Самбуу овогтой Баясах- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо
  3. Намсрай овогтой Мөнхбаяр- Чингэлтэй дүүргийн  6 дугаар хороо
  4. Хүүжий овогтой Төмөрбаатар -Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо
  5. Дугар овогтой Бямбаа- Налайх дүүргийн 1 дүгээр хороо
  6. Дэмид овогтой Хишигт- Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо
  7. Дамдинжав овогтой Энх-Отгон - Сонгино хайрхан дүүргийн 43 дугаар хороо
  8. Цэрэнтогтох овогтой Төрхүү- Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хороо  
  9. Жалцан овогтой Дандар- Баянгол дүүргийн 20 дугаар хороо 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс