Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: COVID-19 халдвар авсан иргэдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд эрдэм шинжилгээ, судалгааны 113,543 өгүүлэл хэвлэгджээ.

Эмнэл зүйн 3,706 туршилт судалгаа явагдаж байгаагаас 426 нь дууссан байна. Мөн вакцин бүтээх 204 туршилт судалгаа хийгдэж байгаа.

Зарим судалгааны үр дүнгээс танилцуулъя.

Агаар дахь тоосонцрын хэмжээ нэг түвшнээр нэмэгдэхэд COVID-19 халдварын нас баралт 8 хувиар өсөж байна

АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид 50 муж дахь агаарын бохирдлын түвшин COVID-19 халдварын нас баралтын түвшинд нөлөөлж байгаа эсэхийг судалсан байна. Үр дүнд нь агаар дахь тоосонцрын хэмжээ нэг түвшнээр нэмэгдэхэд нас баралт 8 хувиар өсөж байгааг тогтоожээ. Судлаачид агаарын бохирдол, тоосонурын хэмжээ их байх нь хүний ерөнхий эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир COVID-19-ийн үед биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болж, нас барах магадлалыг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Тамхинаас гарах гэж буй хүмүүст зориулсан цахим сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх хэрэгтэй

Нидерланд улсын эрдэмтэд COVID-19-ийн үед тамхинаас гарах хандлагыг судалсан байна. Судалгаанд нийт 340 идэвхтэй тамхи татагчид оролцсоноос 68 хувь нь цар тахлын улмаас өдөрт татдаг тамхины тоогоо өөрчлөөгүй гэж хариулсан бол 18 хувь нь бууруулсан, 14 хувь нь ихэссэн гэж хариулжээ.

Судалгаанд оролцогчдын гуравны нэг нь COVID-19 халдварын улмаас тамхинаас гарах оролдлого хийж эхэлсэн байна. Шалтгаан нь тамхи татдаг хүмүүс халдвар авбал илүү хүндрэх магадлалтай гэж судалгаанд оролцсон хүмүүс хариулжээ. Судалгааны багийнхан тамхинаас гарах гэж буй хүмүүст зориулсан цахим сургалт, зөвлөгөөг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан байна.

Удаан хугацааны нислэгийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай

Вьетнам улсын судлаачид 16 тохиолдол илэрсэн 217 зорчигтой, 10 цагийн онгоцны нислэгт тархвар зүйн судалгаа хийсэн байна. COVID-19-ийн халдвар авсан 16 тохиолдлын 12 нь бизнес ангилалын зорчигчид байсан ба нэг хүнд нислэгийн үеэр халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Халдвар авсан бусад 15 хүн бүгдээрээ нислэгийн үеэр нэг хүнээс халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд халдварын түвшин 62 хувьтай гарчээ.

Судлаачид удаан хугацааны нислэгийн үеэр халдвар хамгааллын дэглэмийг сахих, зорчигч хоорондын зайг зохицуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гаргасан байна.

COVID-19 халдвар авсан иргэдийн 76 хувь нь Д аминдэмийн дутагдалтай байжээ

Өмнөд Солонгосын судлаачид COVID-19-ийн халдвар авсан иргэдийн дунд шим тэжээлийн дутагдал байгаа эсэхийг судалжээ. Өвчтөнүүдийн 76 хувь нь Д аминдэм, 40 хувь нь селиний дутагдалтай байсан бол B1, B6, B12, фолийн хүчил, цайрын түвшин хэвийн байжээ.

Биеийн байдал хүнд байгаа өвчтөнүүд дор хаяж нэг амин дэмийн дутагдалтай болохыг тогтоосон байна. Д аминдэм, селиний дутагдалтай хүмүүсийн биеийн эсэргүүцэл сул байдаг тул COVID-19-ийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг мэдээлжээ.

Идэвхтэй дасгал хөдөлгөөн вакцины үйлчлэлийг нэмэгдүүлнэ

АНУ, Австралийн эрдэмтэд дасгал хөдөлгөөн халдварын үед ямар чухал нөлөөтэйг тодотгон өгөөлэл бичжээ. Дасгал хөдөлгөөн дархлааг сайжруулдаг тул халдварт өвчин туссан үед хүндрэх магадлалыг бууруулна, мөн зүрх судасны өвчин, таргалалт, даралт ихсэх, чихрийн шижин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчнөөс сэргийлдгийг онцолжээ.

Цар тахлын үед нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа тул дасгал хөдөлгөөн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихэд үр дүнтэйг тайлбарласан байна. Түүнчлэн идэвхтэй дасгал хөдөлгөөн уушгины багтаамжийг сайжруулахаас гадна вакцины үйлчлэлийг нэмэгдүүлнэ хэмээжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2346226448857373/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.