Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ундрам: Ойрын дөрвөн жил Монгол Улсад гаднаа жорлонтой сургууль, цэцэрлэг байхгүй болсон байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байр гаднаа модон жорлонтой байна гэсэн судалгаа байдаг. Тэгвэл эдгээр сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн өрөөтэй болгох санхүүгийн эх үүсвэрийг шийджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа.

-Яагаад сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн өрөөтэй болгох асуудлыг хөндөх болов?

-Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг хүүхэд багачуудаа өвлийн хүйтэнд гадна жорлонд бие засуулж байгааг яагаад ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал. Өвөлдөө ямар их хүйтэрдэг билээ. Цэцэрлэгийн насны хүүхэд халуун орчноос гарч гадаа бие засах нь өөрөө байж болохгүй. Үүнээсээ болоод суурь өвчин авдаг. Халдварт өвчин авах, улмаар жорлонгийн нүхэнд нь унах гээд олон эрсдэл бодитой байдаг. Тийм учраас УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг утгаараа УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хамтаар 2021 онд гаднаа жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг дотроо ариун цэврийн өрөөтэй болгох төсвийг Улсын төсөвт суулгуулахаар санал оруулсан юм.

-Улсын хэмжээнд уг асуудлыг шийдэхэд хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ. Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-Миний бие УИХ-аас томилсон Төсвийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байгаа. Уг ажлын хэсэг улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагаа, баланстай танилцаж 2020 оны урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсөв, төлөвлөгөөтэй танилцаж байна. Нөгөө талаар улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг илүү үр ашигтай байлгах, зардлыг бууруулах, улсын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд ИНЕГ, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг газруудад ажилласан бол өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тус үйлдвэрийн удирдлагууд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй гадна жорлонтой сургууль, цэцэрлэгийн асуудлыг ярьсан юм. Улмаар “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах 100 тэрбум төгрөгийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр боллоо. Уг ажилд УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төсвийн ажлын хэсгийн хүрээнд дэмжлэг үзүүлснийг хэлэх нь зүйтэй болов уу. 

-Энэ ажил хэзээнээс эхэлж, хэзээ дуусах вэ?

-Бид судалгаан дээр үндэслэж ажлыг үе шаттай явуулах юм. Гадна жорлонтой сургууль, цэцэрлэгийн тоо Улаанбаатарт зургаа, Сэлэнгэ аймагт зургаа байгаа бол Хөвсгөл аймагт 103 байх жишээтэй. Эдгээр сургууль, цэцэрлэгийн багтаамж харилцан адилгүй. Тиймээс нэг сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн өрөөтэй болгох төсөв харилцан адилгүй. Дунджаар авч үзвэл нэг боловсролын байгууллагын ариун цэврийн өрөөг 120 сая төгрөгөөр шийдвэрлэхээр байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тооцоо, судалгааг хийгээд эхэлсэн.

Ирэх оноос эхлэн нийт 819 боловсролын байгууллагын ариун цэврийн өрөөг шат дараатай барьж, байгуулаад явна. Ойрын дөрвөн жил Монгол Улсад гаднаа жорлонтой сургууль, цэцэрлэг байхгүй болсон байна.

-Алслагдсан бүс нутагт дэд бүтэцгүйгээс дотроо ариун цэврийн өрөөтэй болох боломжгүй тал байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Олон янзын технологи бий болчихсон шүү дээ. Төрөл бүрийн аргаар шийдэх боломжтой. Наад зах нь дэд бүтэц холбогдоогүй байгаа бол зөөвөрлөж, соруулах технологийг ашиглаж ариун цэврийн өрөөтэй болгох боломжтой. Хамгийн чухал асуудал нь бид хүүхэд багачуудаа өвлийн хүйтэн зуны халуунд гадна, нүхэн жорлонд оруулахгүйн тулд шаардлагатай ажил, арга хэмжээг цаг алдалгүй хийх ёстой.