Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Зориг гаргаж, иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын даргад нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлээд байгаа юм. 

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Та хэдхэн сарын өмнө би нүх болгонд ордог оготно биш. Хотын дарга болохгүй гэж хэлж байсан. Сонгинохайрханчуудын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдчихоод яагаад хотын дарга болох гээд байна вэ" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "НИТХ-д улстөржилт яригдахгүй. Нэг төлөөлөгчийн ард олон иргэн бий. Та бид хамтдаа нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ажилд гар нийлэн ажиллана гэж бодож байна. Сонгинохайрханчуудынхаа итгэлийг хөсөрдүүлээгүй.

Өдөр тутмын амьдралыг өөд нь татах, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл рүү орж ажиллана. Иргэдийн амьдралтай холбоотой чухал ажлуудыг төлөөлөгчид хариуцаж ажиллана. Зориг гаргаж иргэдтэйгээ ойр ажиллах замыг би сонгож байна. Хэвлэлд өгсөн ярилцлагын хувьд би 50 хоногийн өмнө хотын дарга болох бодолгүй байсан. Яаж МАН олонх болох вэ гэдэг зүйлийн төлөө ажиллаж байсан. 

Их хурал болон орон нутгийн түвшинд хамтарсан байдлаар ажиллах нь чухал. Түгжрэл амар асуудал биш. Эв нэгдэл гэдэг бол байгууллага бүрт байх ёстой зүйл. Гишүүний бүрэн эрхээсээ татгалзах нь хувь хүний хувьд амар байгаагүй.

Иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нэгдсэн бодлого хэрэгтэй. Хотын унаган иргэний хувьд түгжрэлгүй, утаагүй болоосой гэж хүсдэг. АН, ХҮН намынхан улстөржиж байх шиг байна. Гэхдээ би бүх хүнтэй хамтарч ажиллана" гэлээ.