Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост ирсэн Индонезийн иргэн тусгаарлах байрны ханыг эвдэн оргожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост тэнгисийн хөлөг онгоцны экипажийн гишүүний визээр ирсэн Индонезийн иргэн эрэгтэй тусгаарлах байрны ханыг эвдэн оргосон тухай тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр 14 хоногийн тусгаарлагдах хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө ийнхүү оргосон байна. Шинжилгээнээс нь коронавирусийн халдвар илрээгүй, өвчний ямар ч шинж тэмдэггүй байсан түүнийг Өмнөд Солонгост хууль бусаар үлдэх гэж оргосон гэж таамаглажээ.

Сүүлийн үед Вьетнамын иргэд яг ийм аргаар оргосон хэд хэдэн тохиолдол гарсан юм байна.

Өмнөд Солонгост ирсэн гадаадын иргэдэд 14 хоног тусгаарлагдах журам үйлчилж байгаа.

Хэрвээ тусгаарлалтаас орговол гадаадын иргэдийг тус улсын хилээр албадан гаргаж, дотоодын иргэдийг хорьж шийтгэж байгаа юм.

Өмнөд Солонгост ажил эрхэлдэг Индонезийн иргэдийн тоо сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа ажээ. 2017 онд тус улсад Индонезийн 3,719 иргэн ажиллаж байсан бол 2018 онд хоёр дахин нэмэгдэж 6,921 болсон байна.

Өмнөд Солонгост өчигдөр коронавирусийн халдварын 114 тохиолдол шинээр нэмэгдсэн нь сүүлийн долоо хоногийн хугацаанд анх удаа 100-аас дээш гарсан хэрэг байв.

Тус улсад тав хоног үргэлжилсэн Чусок буюу ургацын баяр Ням гарагт өндөрлөсөн юм.

Энэ үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгддэг тул Covid-19 өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэйг өмнө нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байжээ.

Өчигдрийн байдлаар Өмнөд Солонгост илэрсэн нийт халдварын тохиолдол 24,353, нас барсан өвчтөний тоо 425 хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 18 | 17 цаг