Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эмнэлгээс видео мэдэгдэл цацжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн өглөө коронавирусийн халдвар авсан нь батлагдсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоо нийслэл Вашингтоны ойролцоо цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.

Саяхан тэр эмнэлгийн өрөөнд хийсэн видео мэдэгдлийг өөрийн твиттер хуудсандаа нийтэлжээ.

Трамп мэдэгдэлдээ өөрийнх нь биеийг эмчилж буй эмч, мэргэжилтнүүдэд, бас өөрт нь эрүүл энхийг хүссэн Америкийн иргэд, дэлхийн улс орнуудын удирдагчдад талархал илэрхийлсэн байна.

 Тэрбээр түргэн эдгэрээд удахгүй ажилдаа буцаж орох итгэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ.

“Миний бие энд ирэхдээ тийм ч сайнгүй байсан бол одоо хамаагүй дээрдээд байна. Тэд намайг эдгээхийн тулд бүхнийг хийж байгаа” гэж Трамп ярьсан юм.

Ойрын хэдэн өдөр түүний хувьд “жинхэнэ сорилт” байх болно гэж бас хэлжээ.

Трамп тэргүүн хатагтайн бие сайн байгаад хэлээд түүнийг өөрөөсөө залуу хүн тул халдварт өвчний эрсдэл бага гэдгийг онцолсон байна.

Өчигдөр Цагаан ордны албан хаагчид ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаар зөрүүтэй мэдэгдэл хийсэн нь хүмүүсийн санааг зовоож байна.

Бямба гарагийн өглөө Цагаан ордны эмч нарын баг ерөнхийлөгчийг эмчилж байгаа Уолтер Рид эмнэлгийн гадна хэвлэлийн хурал зохион байгуулж, Трампын бие хэвийн байгааг мэдэгдсэн юм. Эмч нар энэ хурлаараа Америкчуудын сэтгэлийг засаж, тайтгаруулах зорилготой нь тодорхой байв.

Харин үүнээс хэдхэн минутын дараа Цагаан ордны тамгын газрын дарга Марк Мидоу сэтгүүлчидтэй уулзахдаа илүү түгшүүртэй мэдэгдэл хийсэн байна. Сүүлийн 24 цагийн турш ерөнхийлөгчийн амь нас аюулын ирмэг дээр байсан бөгөөд дараагийн 48 цаг Трампын эмчилгээнд шийдвэрлэх үүрэгтэй байх болно гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
13 | 18 | 17 цаг