Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн хааны нууц охин олон жил тэмцсэний эцэст “гүнж" хэргэмээ олж авлаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Бельгийн гүнж болсон Дэлфин Боэл

Бельгийн эзэн хаан асан Альберт II-ын төрсөн охин гэдгээ батлахын тулд долоон жил тэмцсэн эмэгтэй өчигдөр шүүх дээр ялалт байгуулж, албан ёсоор гүнж хэргэмээ авахаар болжээ.

Өчигдөр Бельгийн давж заалдах шатны шүүх уран барималч Дэлфин Боэлд “Бельгийн гүнж" хэргэмийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Боэлийн ээж 1960-аад оны үед эзэн хаантай гэр бүлээс гадуур янаг амрагийн холбоотой байсан гэдэг.

2013 онд эхэлсэн шүүхийн маргааны үр дүнд өнгөрсөн онд Бельги улсын шүүх эзэн хаан Альберт II-оос эцэг тогтоох шинжилгээ авах шийдвэр гаргасан юм. Хаан эсэргүүцэж байсан ч шинжилгээ өгөөгүй хоног тутамд 5,000 еврогийн торгууль төлүүлэх шахалт үзүүлсэн тул энэ оны нэгдүгээр сард шинжилгээ өгч байв.

Шинжилгээний хариу Дэлфин Боэлийг хааны төрсөн охин болохыг баталсан юм.

86 настай Альберт II хаан 2013 онд хаан ширээгээ хүү Филиппд шилжүүлж өгч байжээ.

Шүүхийн шийдвэрийн үр дүнд Боэл ургийн овгоо сольж, хоёр хүүхэд нь бас язгууртны хэргэм зүүхээр болсон байна.

Эзэн хааныг биологийн эцгээ гэдгийг тогтоолгосны дараа Боэл хөрөнгө өвлөх эрхтэй болоод байсан юм. Харин энэ удаа язгууртны хэргэм зэргээ авснаар олон жил үргэлжилсэн шүүхийн маргаан өндөрлөж байна.

 

Эх сурвалж: Reuters