Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олголоо.
Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгасан байна.
Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаах аж.