Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Forrest Gump”-ийг зохиосон Уинстон Грүүм 77 насандаа өөд болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

1994 онд дэлгэцэнд гарсан “Forrest Gump” киноны эх зохиолыг бичсэн Уинстон Грүүм 77 насандаа таалал төгсжээ.

Түүний амьдарч байсан АНУ-ын Алабама мужийн Фэйрхоуп хэмээх жижиг хотын захирагч Кэрин Уилсон энэ тухай сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

“Forrest Gump бүтээлээрээ олонд танигдсан Уинстон Грүүм нь авьяаслаг сэтгүүлч, Америкийн түүхийг бичдэг нэртэй зохиолч байлаа” гэж Алабама мужийн захирагч Кэй Айви дурсжээ.

“Forrest Gump” нь 20 дугаар зууны Америкийн гол түүхэн үйл явдлуудын гэрч болсон оюун ухааны сааталтай эрийн гайхамшигт түүх юм.

“Forrest Gump” роман нь 1994 онд дэлгэцийн бүтээл болж, Оскарын зургаан шагнал хүртсэн нь Грүүмд алдар хүнд, хөрөнгө мөнгө авчирч байв.

Грүүм өөрөө Алабама мужид төрж, Алабамагийн их сургуульд боловсрол эзэмшсэн ба 1965-1969 онд Вьетнамд цэргийн алба хааж байжээ. Тэрбээр уран зохиолын болон баримтат нийт 16 ном бичсэн байна.

Вьетнамын дайны үеэр дайсны талд олзлогдож байсан Америк хүний тухай бичсэн “Conversations with the Enemy” ном нь 1982 оны Пулицерын шагналд шалгарч байжээ.

“Forrest Gump”-ийн ном нь киноноосоо илүү “бараан” боловч “баялаг” үйл явдалтай болохыг Грүүмтэй 40 жил нөхөрлөсөн Алабамагийн их сургуулийн хүндэт профессор Дон Нобл хэвлэлд ярьж байв.

“Хошин зохиол бичсэн хүн их мөнгө олж болох ч нэр хүнд олдоггүй. Харин Forrest Gump бол маш сайн ном. Энэ бол киноноосоо илүү баялаг, илүү хурц үйл явдалтай” гэж тэр ярьжээ.

Кино болон номын гол баатрууд хоёул ерөнхийдөө ижил амьдрал туулдаг боловч номны Гамп нь математикийн авьяастан, киноны Гамп нь илүү гэнэн, цайлган сэтгэлтэй хүн болж дүрслэгддэг гэнэ.

Кино бүтээгчид Гампын зарим дутагдал, сөрөг талыг нь хасаж, зөөлрүүлсэн тухай Грүүм 1994 онд Нью Йорк Таймс сонинд ярьж байжээ.

Уинстон Грүүмийн баримтат зохиолууд нь Америкийн иргэний дайн, дэлхийн нэг ба хоёрдугаар дайнууд, Вьетнамын дайны түүхийн сэдэвтэй байдаг. Түүний хамгийн сүүлд бичсэн “El Paso” зохиол нь 2016 онд хэвлэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

Зураг
13 | 18 | 17 цаг