Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах бол 18 сая хүртэл төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийн талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/768343510643930

"Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор нөлөөлөл багатай амины орон сууцыг өөрийн хашаанд бариулсан тохиолдолд 18 сая төгрөг хүртэл дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгийг МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амар хэллээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Төслийн хүрээнд 40 айлын амины орон сууцыг санхүүжүүлэх боломжтой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно.

Бид энгийн, дулан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудтай харьцуулаад үзэхэд эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500,000 төгрөг байна.

Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшинг сонгож цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна.

Түүнээс гадна нүүрс түлэхгүй учраас цэвэр ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцын хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг нь тооцоолж, барилгын төсөвт нь оруулан зээлийн дүнд нь багтаасан.

Төсөлд хамрагдах алхамууд,

  • Төслийн шаардлагыг хангах эсэхээ шалгаад зээл авах боломжтой банкнуудын аль нэг рүү холбогдож зээл авах боломжтой эсэхээ тодруулна.
  • Хэрвээ боломжтой гэсэн хариу өгвөл барилгын компаниудтай холбогдож загвар байшингуудтай танилцаж сонголтоо хийнэ.
  • Ингээд барилгын компани газар дээр нь очин үнийг тогтоож, банкнаас зээлийн шийдвэр гарсан тохиолдолд 18 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч барилгын ажлыг эхлүүлнэ.

Энэхүү зээл нь энгийн зээлээс маш том ялгаатай зүйл нь заавал ямар нэг барилга баригдсаны дараа болон баригдаж байх явцад эрчим хүчний хэмнэлтий аудит гэдэг зүйлийг хийнэ. Энэ зардал нь гэхдээ зээлийн дүндээ багтсан.

Төслийн шаардлага:

  • Улаанбаатар хотын гэр хороололд байнга оршин суудаг,
  • Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх,
  • Сууцны үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх,
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай.

Энэ төслийн хүрээнд бид 40 байшинд санхүүжүүлэх боломжтой бөгөөд зээлийн хүү 8-12 хувь, 15 жилийн хугацаатай байх юм” гэв.

"Төслийн гэрээ хийх дуусахад хоёр долоо хоногийн хугацаа үлджээ"

“Төслийн гэрээг хийх хугацаа есдүгээр сарын 30-нд дуусах бөгөөд одоо хоёрхон долоо хоногийн хугацаа үлджээ. Гэхдээ бид Германы талд гэрээний хугацааг сунгах хүсэлтээ өгсөн. Тиймээс иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хэдийгээр бид уг төсөлд 40 айл хамрагдах боломжтой гэсэн ч мэдээлэл хүрсэн байдал, оролцох хүсэлтэй иргэдийн тоо бага байна” гэдгийг Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн, МУ-ын зөвлөх инженер Г.Цэрэндаш хэллээ.

"1м2-д хэр хэмжээний эрчим хүч зарцуулж байгаагаар нь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг тодорхойлдог"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү “Өнөөдөр бид унаж буй автомашиныхаа үр ашгийг 100 километрт хэдэн литр шатахуун хэрэглэхээр нь харьцуулдаг.

Үүнтэй адилаар барилга байгууламжийг жилд нэг метр квадратад хэчнээн хэмжээний эрчим хүчийг хэрэглэж байгаагаар нь эрчим хүчний үр ашгийг нь тодорхойлдог. Манай төслийн хүрээнд эдийн засгийн хэмнэлттэй барилгууд эхнээсээ баригдаж эхэлсэн” гэсэн юм.

Төслийнхөө загвар болох таван барилгыг СХД-ийн Тахилтын аманд байрлах 188 дугаар цэцэрлэгийн барьсан байгаа аж.

Иргэд дээрх төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88888091, 99884080, 88877767 утсаар холбогдох боломжтой юм байна.