Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс коронавирусийн халдварын батлагдсан тоогоор АНУ-д ойртож байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын батлагдсан тоо нь таван саяыг давсан тухай Лхагва гарагт Энэтхэг улсын эрх баригчид мэдээлжээ.

Энэ тоо сүүлийн 11 хоногийн дотор дөрвөн саяас таван саяд хүрсэн нь Энэтхэгт вирусийн тархалт ямар эрчтэй байгааг харуулж байна.

Тус улс одоо 6.6 сая орчим халдварын тохиолдолтой АНУ-ын ард жагсах болжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 90,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,290 хүн нас барсан байна.

Эхний нэг сая тохиолдлыг бүртгэхэд 167 хонож байсан бол дараагийн нэг сая тохиолдолд 21 хоногийн дотор хүрснээс харвал Энэтхэг улс удахгүй АНУ-ыг ч гүйцэж магадгүй байгаа юм.

Энэ сарын эхээр Энэтхэг нь халдварын тохиолдлын тоогоор Бразилыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт жагсах болжээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад өдөрт нэг сая орчим оношилгоо гүйцэтгэж байгаа ч үүнийг хангалтгүй гэж гадаадын мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс Covid-19 өвчтэй хүний тоо бодит байдал дээр хавьгүй өндөр байх магадлалтай юм.

Нийт халдвар авсан хүний тоо тавдугаар сарын байдлаар 6.5 саяд хүрсэн байж болзошгүй гэсэн тооцоог Энэтхэгийн халдварт өвчин судлалын төв гаргаснаа өнгөрсөн долоо хоногт зарлаж байв.

Энэтхэг улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 24 хувиар унасан нь дэлхийн том эдийн засагтай орнуудын дунд хамгийн муу үзүүлэлт болсон юм. Тиймээс тус улсын засгийн газар вирусийн халдвар нэмэгдсэн ч эдийн засгаа сэргээхийн тулд том хотуудад тогтоосон хорио цээрийн дэглэмээ сулруулж эхлээд байна.

 

Эх сурвалж: AFP