Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон Улсын чанарын менежментийн тогтолцоог ДАРХАН НЭХИЙ ХК үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

“Дархан Нэхий” Хувьцаат Компанийн арьс шир болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниуд ISO 9001:2015 Олон улсын стандартын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

Монголын арьс ширний салбарын томоохон төлөөлөл болсон “Дархан Нэхий” Хувьцаат Компани болон түүний үйлдвэрлэлийн 3 охин компани Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO-9001:2015/MNS ISO 9001:2016  стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх зорилт дэвшүүлж, тус зорилтынхоо хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зөвлөх үйлчилгээ авч хамтран ажилласан байна. Тус компанийн үйл ажиллагааг Франц Улсын Афнор группэд бүртгэгдсэн мэргэшсэн аудиторууд бүхий Олон улсын чанарын үнэлгээний үндэсний батламжлагч “Монсертф” ХХК албан ёсоор баталгаажуулсан юм.  Бид тус компанийн Ерөнхий Захирал Б.Мягмар-Өлзийтэй ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд ISO 9001 стандарт гэж их ярих болсон. Тэгэхээр ISO-9001 стандарт гэж юу болох талаар яриагаа эхлэх нь зөв болов уу?

Аливаа аж ахуйн нэгж, байгууллага ISO 9001 стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх замаар хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлж, хэрэглэгчээ татах, дотоод үйл ажиллагааны доголдлоос гардаг аливаа алдагдал хохирлыг багасгах буюу арилгах замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжоо дээшлүүлдэг. Зах зээлийн өрсөлдөөнд ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага нь чанарын менежментийн тогтолцоогүй байгууллагаас илүү давуу талыг өөртөө бий болгож чаддаг. Тодруулбал бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх аливаа үйл ажиллагаа бүрийг стандартжуулж хянах механизмыг бий болгосноор компанийн менежмент сайжирч үр ашиг, бүтээмж, чанар дээшилдэг.

-Компанийхаа талаар товч танилцуулаач?

Дархан Нэхий ХК нь 1972 онд анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрт тооцогддог байв. Тухайн он жилүүдэд нийт үйлдвэрлэлийн 95 орчим хувийг гадаад зах зээлд нийлүүлж улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байжээ.

Зах зээлийн шилжилтийн дараа буюу 1993 онд үйлдвэр хувьчлагдаж 2001 он хүртэл үйл ажиллагаа нь зогсонги байдалтай явж ирсэн бол 2001 оноос Дархан Нэхий ХК болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. Өнөөдөр манай компани нь арьс шир боловсруулах, арьс ширэн хувцас, гутал оёдлын үйлдвэрлэл, арьс ширэн бүтээгдэхүүний худалдаа, хүнсний худалдаа, худалдаа үйлчилгээний обьект түрээс болон зочид буудал, санхүүгийн зээлийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа тэлээд байна.

Эдгээр охин компаниудын гол үйлдвэрлэл явуулж буй Нэхий Таннери ХХК /арьс шир боловсруулалт/, Нэхий Гармент ХХК /нэхий, савхин дээл, арьс ширэн гутал үйлдвэрлэл/,  Як Трейд ХХК /шинэ загвар, дизайн боловсруулалт, тусгай захиалгын үйлдвэрлэл/ зэрэг 3 охин компанидаа ISO 9001:2015 Олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ.

 

-ISO 9001 стандарт ямар ач холбогдолтой юм бэ. Яагаад заавал энэ стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй вэ?

Одоо цагт хэрэглэгч, захиалагчид өөрийн нийлүүлэгчдээсээ “ISO 9001”-ийн дагуух чанарын менежментийн тогтолцоотой байх”-ыг хүсч буюу шаардах болжээ. Ялангуяа гадаад зах зээлтэй харилцахад энэхүү тогтолцоог нэвтрүүлсэн байх нь чухал ач холбогдолтой.

Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ нь олон улсын чанарын менежментийн тогтолцоогоор баталгаажсан гэдгийг илэрхийлдэг учир уг стандартыг нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаажсан гэдгийг харуулна.

Тухайлбал, гадаадад бүтээгдэхүүн экспортлох, гадаадын зээл, төсөлд хамрагдах, гадаад зах зээлд гарах зэргээр олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулахад энэ тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Дотоодын зах зээлд уг стандарт нь бидний бусад компаниудаас ялгарах, өрсөлдөх онцлог давуу тал болох юм. Мөн цаашлаад ОУ-н тухайн салбарын онцлогт хамаарах дараагийн шатны баталгаажуулалтын суурь болдог.

Стандартыг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагын хувьд бид хэрэглэгчдээ сонсох, тэдний хүсэл, хэрэгцээ яаж өөрчлөгдөж байгааг илүү ойлгож хэрэглэгч рүү төвлөрсөн бодлогыг үйл ажиллагаандаа баримталснаар компани урт хугацаанд оршин тогтнох, ашигт ажиллагаагаа өсгөх боломжийг бүрдүүлэх явдал гэж хэлж болно.

-Тэгвэл байгууллага дотор ямар өөрчлөлт гарна гэж?

Энэхүү тогтолцоо нь үйлдвэрлэл, үйл ажиллагаанд гарч буй алдаа болон алдагдлын суурь шалтгааныг тогтоох, шинжлэх, улмаар богино хугацаанд зөв шийдвэр гаргах, өөрчлөлтийг урьдаас төлөвлөх зэрэг компанийн удирдлагад зөв менежмент хийх арга замыг тодорхой бөгөөд ойлгомжтой болгож өгдөг гэж хэлж болно. Миний хувьд үндэсний бүх компаниуд энэ тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж байгаа.

Төгсгөлд нь уг стандартыг нэвтрүүлсэний үр дүн, үр өгөөжийг зөвхөн компани бус компанийн ажилтнууд, тэдний гэр бүл, компанийн эзэд, хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, хамтран ажиллагч байгууллагууд гээд тухайн компанид шууд болон шууд бус хамааралтай бүх төрлийн сонирхогч талууд хүртэж чаддаг гэдгийг онцолмоор байна.

-Бидэнтэй ярилцсан Танд баярлалаа. Салбартаа ямагт анхдагч нь байж Монголын болон Олон улсын хэрэглэгчиддээ үргэлж чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэж байгаарай гээд Танд болон Танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье!

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.